Цагдаагийн байгууллагаас хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн талаар мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:
-Энэ оны эхний таван сарын байдлаар 122 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тухайн гэмт хэргүүд нь өнгөрсөн оны энэ үеэс 38 хувиар өссөн үзүүлэлт. Гэмт хэрэг гарч буй байршлуудыг нь ангилбал, нийслэлд 103 буюу 84,4 хувь, хөдөө орон нутагт 19 буюу 15,6 хувь нь үйлдэгдсэн тоо мэдээлэл байна. Хэрэгт холбогдогчийн 115 нь 18-35 насныхан байна. Хүйсийн хувьд 84,4 хувь нь эрэгтэй, 15,6 хувь нь эмэгтэй байна. Гэмт хэрэг үйлдэж буй нөхцөлийг харвал хадгалсан 40, олж авсан нь 54, бэлтгэсэн 4, худалдсан 12, тээвэрлэсэн 7, хилээр нэвтрүүлсэн 5 байна.
Хилээр нэвтрүүлж буй арга хэмжээг нь авч үзвэл, карго буюу улс хоорондын ачаа бараанд нууцаар илгээх. Түүнчлэн шуудан илгээмжийн байдлаар хилэээр нэвтрүүлж байна.
Худалдан борлуулж буй аргууд нь байршил ашиглах, Darkweb хуудсыг ашиглах, нуувч буюу тайник ашиглах, бусдын данс ашиглах,
гараас гарт дамжуулах гэх мэт эдгээр хэлбэрүүдээр гэмт хэрэг үйлдэж байна.
2024 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагаас нийтдээ 10,510 хүн хэрэглэх боломжтой 1,7 тэрбум төгрөгийн хууль бус хэрэглээг таслан зогсоож ажилласан байна.
Прокурорын байгуулагаас зөвшөөрсөн хэмжээнд дараах гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хүргэе.
Өмнөговь аймгийн хилийн боомтоор БНХАУ-аас хэд хэдэн төрлийн мансууруулах бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг бүлэг зохион байгуулалтанд орсон есөн хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Түүнчлэн их хэмжээний мансууруулах бодисыг Дархан-Уул аймгаас хууль бусаар олж авч, Улаанбаатарт худалдан борлуулдаг Монгол Улсын иргэн нэр бүхий таван этгээдийг энэ сарын 4-нд дайчлан баривчилж, мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна. Тус хэрэгт эмнэлгийн байгууллагын ажилтан оролцсон байж болзошгүй байна.
Хүүхэд залуучуудыг мансууруулах бодис хэрэглэхийг далд хэлбэрээр сурталчилдаг олны танил репперүүд бүлэг зохион байгуулалтад орж мансууруулах бодис хэрэглэж байсныг энэ сарын 5-нд баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Таван хүнийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр хэрэгт холбогдсон арван хүнээс гурван хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Бусад нь гадуур шалгагдаж байна. Хүний нэр хэлэх боломжгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.