Ардчилсан нам болон тус намын нэр дэвшигчидтэй холбоотой хорь гаруй гомдлыг хуулийн байгууллагад өгч шалгуулж байгаа гэж Ардчилсан намын хуулийн багаас мэдээлэв.
Хуульч Р.Булгамаа:
-Монгол төрийн түшээдийг сонгох сонгуулийн сурталчилгаа удахгүй эхлэх гэж байна. Сонгууль нь бодлогын өрсөлдөөн байдаг. Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад Ардчилсан нам болон тус намын нэр дэвшигчидтэй холбоотой худал мэдээлэл, хууль бус мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан захиалгат нэвтрүүлгийг олон давтамжтайгаар түгээж байна. Иймд Ардчилсан намын дэргэдэх хуулийн багаас энэ асуудалтай холбогдуулан хуулийн байгууллагад хандаж байгаа. Нийт 20 гаруй гомдлыг гаргаад, шалгуулж байна.
Тухайлбал, Ардчилсан намын хэвлэл мэдээлэл, пиар багийн үйл ажиллагааг цалгардуулах, гаднаас нөлөөлөх зорилго бүхий үйлдлүүд эрчимжлээ. Хойшлуулашгүй ажиллагаа нэрийдлээр амралтын өдрүүдэд 48 цагийн хугацаанд баривчилсан. Үүнийг сонгуулийн сурталчилгааны шударга бус гарааны эхлэл гэж харж байна. Бид эдгээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч ажиллаж байна.
Бид хуультай нийгэмд амьдарч байна. Төрийн сонгуульд хуулиа дээдлэн оролцохыг уриалж байна. Ард түмэн ухаантай. Ингэж Ардчилсан намыг харлуулах нь хэрээс хэтэрч байна. Энэ удаагийн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчид, оролцож байгаа иргэн бүрийг хуулиа дагаж, хүний эрхийн мэдрэмжтэй сонгуулийн сурталчилгаа явуулахыг уриалж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.