СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2024-06-05

Б.Баярмагнай: Монголчууд эв зүйгээ олоод нэгдмэл эрх ашиг, үнэт зүйлтэй болох ёстой

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайтай ярилцлаа.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг “Хөдөөгийн сэргэлт”-ийн Ажлын албыг 2022 оноос ахлан ажиллаж, энэ хүрээнд судалгаанд суурилсан олон шийдвэр, санаачлагыг гаргахад гар бие оролцжээ.

Батлан хамгаалах салбар болон хөдөөд чиглэсэн бодлогын харилцан хамаарал чухам юу болох талаар бид хөндлөө.

-Батлан хамгаалахын дэд сайд Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын нэг хэсэг болох “Хөдөөгийн сэргэлт”-ийн Ажлын албыг ахалж ажилласан нь ямар учиртай юм бол? Хөдөөгийн бодлого, батлан хамгаалах салбарын хооронд шууд харагдах уялдаа холбоо үгүй мэт учраас ингэж асууж буй юм.

Улс орон болгон өөрийн оршин тогтнох, үндэстний хувьд бусдаас ондооших мөн чанартай. Энэхүү ондоошил, мөн чанараа хадгалж үлдэх гэх асуудал нь ганц монголчууд бидний ярьдаг сэдэв бус дэлхийн улс орнууд, тэр дундаа хөгжингүй улс орнуудад ч бодлого болж байгаа асуудал. Дэлхийн томоохон улс орнууд, тухайлбал, газар нутгийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт ордог Канад гэхэд хэдийгээр олон улс орны хүмүүс суурьшин байгуулсан улс боловч уугуул иргэдийг авч үлдэх, тэр том газар нутгийг эзэнтэй байлгах бодлогыг хэрэгжүүлж эхэлж байхад монголчууд бид аль эртнээс олон зуун жил өргөн уудам газар нутгаа эзэнтэй нь, баялагтай нь, мал сүрэгтэй нь, нүүдэлчин ахуйтай нь хадгалж авч ирсэн түүхтэй улс орон. Монголын ахуй соёл, нүүдэлчин ард түмнийг аюулгүй байдал, тусгаар тогтнолтой нь хамт авч үлдсэн, цаашид хадгалж үлдэх хүчин зүйл нь мал аж ахуй учраас 1992 оны ардчилсан Үндсэн хуульдаа “мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан хэрэг. Энэ нь угтаа малаа хүнээс дээр тавьсан хэрэг огтоос бус юм. Хорьдугаар зуунд бидний өвөг дээдэс хөдсөн дээлтэй ч өргөн уудам газар нутгаа баялагтай нь авч үлдэж чадсаны цаана асар их арга ухаан, суу заль, тэсвэр тэвчээр байсныг тэдний маань залгамж халаа мөн чанартаа гээлгүй тээж явж ирснийг гучаадхан жилийн өмнөх ардчилсан Үндсэн хууль ч батлан харуулдаг.

Харин өнөөдөр Монголын уламжлалт нүүдлийн ахуй соёлын үндэс болсон мал аж ахуйгаа орчин үеийн арга хэлбэр рүү хөрвүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, малчид, хөдөөгийнхний амьжиргааг дээшлүүлж баймааж цаашид хадгалан авч үлдэх сорилт тулгарч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тийм учраас “Хөдөөгийн сэргэлт” бодлого уламжлал, шинэчлэлийн уялдаа холбоо, үүний үндэс суурийг тооцоолон судалсны үндсэн дээр хэрэгжиж буй учир улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбоогүй гэж шууд хэлэх нь хэтэрхий хөнгөн дүгнэлт болно.

- Хөдөө аж ахуй бол хүн төрөлхтөний хамгийн анхны уугуул аж ахуйн хэлбэр. Гэхдээ дэлхий дахинд өнөөдөр хөдөө аж ахуй улам бүр хумигдаж, хот суурин газрын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөн нэмэгдэж, хүмүүс хот руу шилжин суурьших нь хаа сайгүй өрнөж буй нийтлэг үзэгдэл болоод байгаа шүү дээ. Хот руу хөдөөг нүүлгэх үү, хөдөө рүү хотыг нүүлгэх үү гэдэг хоёр салаа замыг уулзуулах бодлогыг “Хөдөөгийн сэргэлт” бий болгоно гэж ойлговол болох уу?

-Энэ бол хөгжингүй бүхий л улс орны асуудал болж байна. Японд гэхэд Токиодоо, Солонгост гэхэд Сөүлдээ төвлөрөх урсгал байнга л нэмэгдэж байгаа. Үүнийг саармагжуулах бодлогыг төр засаг нь татварын хөнгөлөлт, хөнгөлөлттэй санхүүжилт, орон нутагт давуу байдлыг бий болгох зэргэ бусад хүчин зүйлээр дамжуулан хэрэгжүүлж буй туршлага болон өөрийн орны нөхцөл байдлыг судлахаас “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын баг ажлаа эхлүүлсэн.

Монголд хөдөөнөөс хот руу чиглэх урсгал үндсэн хоёр шалтгаантай. . Тэгэхээр юун түрүүнд ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж болон боловсрол, эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээг хөдөө рүү тэлэх шаардлагатай гэсэн үг юм. Эдгээрийн аль аль нь хүнийг дагаж явдаг буюу хүн бий болгодог зүйл.

Сүүлийн арван жилийн дунджаар хөдөөнөөс хот руу жилд 25-30 мянган хүн шилжин ирдэг байсан бол өнгөрсөн 2023 онд анх удаа энэ тоо 7-8 мянган болж, харин хотоос хөдөө рүү шилжин суурьшигчийн тоо 25 мянгад хүрлээ. Хөдөөнөөс хот руу шилжин ирэгсэд ихэнхдээ ажлын байр, зах зээл хайгсад байсан бол хотоос хөдөө рүү шилжигсдийн дийлэнх нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч буюу илүү потенциаль бүхий хүмүүс байна. Хөдөө рүү шилжин суурьшигчдын хувьд орон нутагт хөрөнгө оруулан аж ахуй эрхлэх боломж, эрүүл цэвэр агаар, хүнс, стрессгүй, аюулгүй орчин энэхүү шийдвэрийнх нь үндсэн шалтгаан. Үүн дээр төрийн бодлого зохицуулалт бүхий дэмжлэгүүд хэрэгжиж чадвал хөдөө орон нутагт тэр хүмүүсийг дагаж хөгжил бий болох юм.

- Яг тэрхүү хөгжилд хүргэх хөшүүргүүдийг бодлогоор буй болгож чадаж байна уу?

-“Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлого юу чухал вэ гэдгийг углуургаар нь үндсэндээ хийж чадсан гэж бодож байна. юм. Тийм учраас Засгийн газар өнгөрсөн жилээс цалингийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс суманд ажилласны нэмэгдлийг цалингийн 40 хувь болгосон. Хөдөөд багийн даргаар ажиллах хүн олдохгүй болсон. Яагаад гэвэл 750 мянган төгрөгийн цалингаар хэн ч ажиллах хүсэлгүй байна. Өнөөдөр 1.2 сая төгрөгийн суурь цалин тогтоож, сумын нэмэгдлийг 40 хувьд хүргэснээс гадна онцгой нөхцөлийн нэмэгдэл олгож эхэлсэн. “Хөдөөгийн сэргэлт”-ийн ажлын хэсэг өнгөрсөн онд ажлаа эхлүүлж байх үед улсын хэмжээнд төрийн ажлын 2500 гаруй орон тоонд ажиллах хүчний дутагдалтай байлаа. Өнөөдөр үндсэндээ сул орон тоогүй болсон.

Монгол Улсын 21 аймгийн зургаа нь бие даан төсвөө бүрдүүлж, бусад нь төсвөөс татаас авдаг. Тэгвэл Засгийн газраас аймгуудыг өөрсдийн нөөцөө шавхаж ажиллах шаардлага тавьж, хөшүүргийг нь бий болгосон. Өөрсдөө орлогоо нэмэгдүүлж чадвал орон нутагт үлдээнэ. Тэр эх үүсвэрээр төрийн албан хаагчдын цалинг 80 хүртэл хувиар нэмж болох эрхийг хуулиар бий болгож өгсөн. . Зарим аймаг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, сайн англи хэлний багш, сайн математикийн багш сонгон шалгаруулах ажлыг Улаанбаатарт зохион байгуулж байна. Орон байраар хангаж, таван жил тогтвортой ажиллавал шууд өмчлөлд нь шилжүүлэх нөхцөлтэй. Орон нутаг өөрөө өөрийгөө хөшүүрэгдэх нөхцөлийг дэмжих ёстой юм. Тэгэхгүй бол орон нутгийн сонгууль болохоор л баахан нөхөд нутаг орноо хөгжүүлнэ гээд гарч ирдэг. Яг хөгжүүлэх гэсэн мөнгө байхгүй, дээрээс мөнгө өгөхгүй, УИХ-ын гишүүд нь дэмжихгүй байна гээд дээш нь заачихдаг нөхцөл байдал олон жил үргэлжилж ирсэн. Гэтэл тухайн орон нутаг өөрөө өөрийгөө аваад явах бүх бололцоо өөрсдөд нь бий.

-Төрийн захиргаа, төсвийн албан хаагчдын нийгмийн баталгааг бий болгохоос гадна хувийн хэвшил, бизнес эрхлэх бололцоо болон малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд юу хийсэн бэ, цаашид юуг хийх вэ?

- Улаанбаатараас 500 км-ээс алслагдсан нутагт уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулахад 50 хувийн хөнгөлөлт, 900 км-аас алслагдсан нутагт бол 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргасан. Банкны эх үүсвэрээр 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн 1 хувийн хүүтэй олгож байна. Банк эрсдэлээ үүрнэ, хэнд өгөхөө шийднэ. Хүүгийн зөрүүг улсаас өгнө. Монголбанк, Засгийн газар, арилжааны банкууд тохирсон. Мөн орон сууцны зээлийн хүүг орон нутагт 3 хувь болгож, нийт орон сууцны ипотекийн зээлийн квотын 50 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэсэн.

Одоо малчид яах вэ гэдэг асуулт. Судалгаагаар Малчинд үлдэж буй 20 хувийг дор хаяж 50-60 хувь болгох, махнаас бусад үнэгүйдэж байгаа түүхий эд, дайвар бүтээгдэхүүн, ноос ноолуурыг нь эргэлтэд оруулах зорилгоор бүсчилсэн хөгжлийн загварт суурилсан аймаг, сумын дунд Аж үйлдвэр, үйлчилгээний төвүүдийг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр хувийн хэвшлийн оролцоотой байгуулахаар шийдвэрлээд байна. Эхний ээлжинд 52 суманд, цаашдаа нийт 90 суманд байгуулахаар тооцооллыг хийж, Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр 770 сая ам.долларын санхүүжилтийг зарцуулна. Үүнд төр бодлого зохицуулалтыг хийж, хөнгөлөлттэй санхүүжилтийн боломж, бололцоог нээх байдлаар зохицуулах бол бусдыг нь хувийн хэвшлийн оролцоогоор хийх нь зүйтэй гэж үзсэн. Цаашдын үйл ажиллагаа, үр өгөөжийг нь зах зээлийн зарчмаар малчид, хувийн хэвшлийн ашиг сонирхол өөрөө хөтлөөд явчих учраас төр заавал өөрөө гүйцэтгэгч байх шаардлагагүй.

- Аливаа бодлого шийдвэр зардалтай байдаг. Гэхдээ тодорхой хугацааны дараа эдийн засгийн өгөөж, нийгмийн үр нөлөө нь зарцуулснаас илүү байж чадвал энэ нь сайн, зөв бодлогын нэг хэмжүүр. Хөдөөгийн сэргэлтийн бодлогын үр өгөөж, нөлөөг тоогоор илэрхийлэх боломжтой юу?

- Бодлогын шийдвэр тогтвортой үргэлжилж байж үр дүнгээ өгдөг болохоос биш огцом гэнэтийн өөрчлөлтөөр хөгжил ирдэггүй. Тэгэхээр бодлогын үр дүн нөлөөлж эхэлж байна. Хоёрдугаарт, хөдөөг харах өнцгийг өөрчилж чадсан. Хөдөөг төсөөлдөг уламжлалт ойлголт өөрчлөгдөж, эрүүл агаар, аюулгүй орчин, эрүүл хүнс, бизнесийн шинэ боломж гэдэг ойлголт сууж эхэлж байна. Үүнийг ойлгуулах, хөдөөд амьдрах боломжууд  байгааг харуулахыг зорьсон.

Нөгөө талд орон нутгийнхны сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх чухал. Үнэндээ тэнд шинэ уур амьсгал, шинэ хүн, шинэ соёл оруулж ирэхэд таагүй ханддаг. Шинэ хүн суурьших, шинэ бизнес эрхлэх нь өөрсдийнх нь улс төрийн амьдралд аюултай гэж үздэг хандлага бий. Тухайн нутаг орон хөгжье гэвэл үүнийгээ өөрчлөх хэрэгтэй. “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж монголчууд ярьдаг. Хүн нэмнэ гэдэг өнөө цагийнхаар бол эдийн засаг тэлнэ гэсэн үг. Орон нутаг хөгжихийн тулд зайлшгүй аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалтыг татаж, хүн амьдрах орчныг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг 21 аймагт ойлгуулахаас л ажил эхэлсэн дээ. Хүн амаа яаж тэлэх юм бэ, яаж хөгжих юм бэ, та нарт ямар санаа бодол, төлөвлөгөө байгаа юм бэ гэдгийг удирдлагуудтай нь хамтдаа ярилцсан. Монгол Улсын Засгийн газар “хөрөнгө оруулаач” гэж жил болгон гадна, дотныхныг урьж, Улаанбаатарт форум хийдэг биш орон нутаг үүнтэй төлөвлөгөөгөө уяж өгөх хэрэгтэй байна гэдгийг ярилцсан. Нутагтаа суугаад байвал хөгжихгүй. Харин

-“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд та бүхний судалсан, төлөвлөсөн бодлогууд өнөөдөр ид яригдаж буй “бүсчилсэн хөгжил”-ийн суурь болон холбогдож чадсан уу?

-Бид бүх зүйлийг нэг дор тооцоолоод хийж чадахгүй ч гол сууриудыг нь тавьж өгсөн. Тухайлбал, Булган аймагт Хутаг-Өндөр, Дашинчилэн, Хишиг-Өндөр сум, аймгийн төв гэсэн дөрвөн суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус бүр таван га газарт хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлэх Аж үйлдвэр, үйлчилгээний төв байгуулагдана. Дашинчилэн сум гэхэд зэргэлдээх Гурванбулаг, Баяннуур, Рашаант сумдыг татах, зам дэд бүтцээр Улаанбаатарын зах зээлтэй шууд холбогдох хамгийн ойр байршилтай. Тэшиг сум гэхэд ОХУ-тай хилийн боомттой. Уг боомтыг байнгын ажиллагаатай болгочихвол хил орчмын аялал жуулчлал хөгжих, худалдаа наймаа өргөжих бололцоотойгоос гадна Тэшигээс Хутаг-Өндөр, аймгийн төв, Хишиг-Өндөр, тэндээс урагшаа яваад Гурванбулаг, Дашинчилэн сумаар дайран өнгөрөх шинээр баригдаж буй авто замтай холбогдоно. Ингэснээр шинэ нийслэл Хорхорин руу холбогдох тээвэр ложистик, худалдааны бүс үүснэ. Шинэ нийслэлийг ханган нийлүүлэхэд энэ нь их ач холбогдолтой. Цаашлаад Шивээхүрэнгийн боомттой холбогдох тээвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээ үүсгэхээс гадна Орос-Монгол-Хятадыг холбох шинэ босоо тэнхлэгийг бий болгох юм. Үүнийг би бодож олсон биш бүсчилсэн хөгжлийн бодлогоор олон жил судалгаа хийж, ухаан бодлоо зориулан ажилласан олон арван судлаач эрдэмтдийн хийсэн зүйл. Арав гаруй жил үргэлжилсэн энэ судалгааг бодитой ажил болгон Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хийхээр болж байна.

Сүүлийн гучин жилд засаглал тогтворгүй, аливаа бодлого урт хугацаанд үргэлжлэх боломжгүй явж ирсэн нь ардчиллын суурь хангалттай бэхжээгүй, хөгжиж буй манайх шиг улс орны хувьд сул тал юм. Өмнөх засаг маш их хөдөлмөр, мөнгө зарж хийсэн ажлыг дараа нь хэн ч үргэлжлүүлдэггүй. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Улс орны хөгжилд энэ нь маш хорлонтой байлаа. Хэдийгээр сонгуулийн мөчлөг таарч байгаа ч зайлшгүй бодлогыг дараагийн засаг үргэлжлүүлээд явах нь чухал.

-Сонгуулиар төрийн бодлого тодорхойлох эрх мэдэл нэгээс нөгөөд шилждэг нь ардчиллын зүй тогтол. Гэхдээ нэг намаас нөгөө намд, засгаас засгийн хооронд төрийн эрх үүргийг шилжүүлэхдээ бодлогоо шэйрлэдэггүй атлаа баялгийг дамжуулж хуваадаг системийг хүний, өөрийн нам гэлгүй хамтдаа нийлж угсардаг байж дээ?

- Сүүлийн хэдэн жилд төр засаг тогтвортой, хамгийн гол нь төрийн гурван институц буюу УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нэгэн үзэл санаа, зорилгын дор эв зүйтэй байсны хүчинд өнөөдрийн ил болж буй хулгай, дээрмийг илчилж, аль нэг нам, намууд доторх бүлэглэлээр дамжуулаад банк, санхүүг эзэмшээд байсан нөхдүүд цочроо авч байна. Өнгөрсөн гучин жилд улс орон, ард иргэдээ бодоогүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийн тэргүүн байсан гэж би боддоггүй. Цаана нь ямар нэг ашиг хонжоо харсан хүмүүс л нэгийг нь нөгөөтэй нь тэмцэлдүүлж, нэгийг нь татаж унагаж байсан. Тэгээд хэн хожсон бэ гээд харахаар ард түмэн хожсонгүй, төр засаг нь хожсонгүй. Хэсэг бүлэг хүн л хожсон шиг байгаа юм. Түүндээ эрдэж бярдаж, сүүлдээ ер нь Африкийн орон шиг болгоно л гэж бодсон шиг санагддаг.  

Том том бизнесмэнүүд л гээд байдаг. Ний нуугүй хэлэхэд та бид хоёр аль нэг том ордыг ямар нэг арга замаар олж авсан бол баялгийг нь ухаад машин дээр ачиж гаргаад ашгийг нь авч чадна. Үүнд том бизнесмэн, нэг их ур ухаан шаардлагагүй. Та бидэнд шунал, арга заль бодогдож явсан бол тэр ордыг олоод авч магадгүй. Тэрийг гоё болгох гээд байх ур ухаан хэрэггүй. Бид юунд итгэж явсан бэ гэхээр... Бүгд л эхэндээ ядуу байсан. Америкт ч бай, шинэ, ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм үүсэхэд хэн нэгэнд нь боломж, аз эвээр юу ч юм таараад мөнгөжинө. Тэгээд тэд нь буруу зөрүү аргаар хөрнөгө олсон ч бай ажлын байр, шинэ технологи, шинэ зүйлийг оруулж ирэхгүйгээр бүгд адилхан ядуу байгаад л байвал хэн юу хийх вэ гэж боддог байсан. Би 2000 оны үед үнэхээр л тэгж боддог байлаа. Ах нар халаас нь дүүрэх байлгүй дээ, тэгээд олсноороо улс оронд хэрэгтэй байгаа үйлдвэрүүдийг том нь томыг, жижиг нь жижгийг байгуулаад хөгжих байх гэж бодсон. Тэгээд урагш явах байх гэтэл дийлэнх нь цоорхой халаастай юм шиг л байгаад байна. Байшин нь томроод, хэрэглээ нь томроод л байдаг. Байгалийн баялгийг хэдэн зуун вагон, хэдэн мянган машинаар гаргаж зараад л байдаг. Сүүлдээ баялгийнх нь мөнгө Монголд орж ирэхээ больчихсон. Бүгд л гадаад нэртэй компанитай. Тэгээд эндээ болохоор 20 машиных нь тавынх нь мөнгө л орж ирээд байдаг. Бусад мөнгөө хэзээ нэг цагт оруулж ирэхдээ нэг л их гадаадын хөрөнгө оруулалт татаж байгаа мэтээр харагдуулдаг механизм сүүлийн үед маш их явсан. Тийм учраас хил гааль нь нүүрсний хулгайтайгаа сүлэлдчихсэн систем задрахгүй яваад байвал яваад л байх байсан.

-Та яриандаа эв нэгдэл, итгэлийн талаар хэдэнтээ хөндлөө. Улс орныг хөгжүүлэх бодлого дээр нэгдэж чадахгүй атлаа хуйвалдаан, хулгай дээр хэсэг бүлэг нь нэгдэж, өөрсдөө хожсоор ирснийг өнөөдөр ард иргэд ойлгож эхэлж байна. Гэвч дахиад энэ байдал руу халтирч орох, үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тэр систем илчлэгдсэн ч устаагүй, ил далд тэмцэл хийж байгаа нь бас үнэн шүү дээ?

- Өнөөдөр ард иргэд, аж ахуйн нэгж нь төрдөө итгэхээ больчихсон, эрүүл мэндийн тогтолцоондоо итгэхээ байчихсан. Ерөөс нэг нэгдээ итгэхээ больчихсон. Нэгнийгээ үнэн худал мэдэгдэхгүй харлууллаа. Өнөөдрийн хөнгөхөн эрх ашгийн төлөө нэгнээ хэмлээд байна. Нэгнээ шүүмжлэх тухай байж болно. Гэхдээ түүнийгээ өөр тийш даялуулаад тухайлбал, зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар руу дайруулж болохгүй юм. Хэндээ ч итгэхгүй болчихвол энэ улс орон яах вэ? Энэ бол аюул. Цаг хугацаа өнгөрөх тусам байгалийн баялаг ховордоно. Энд хэн эзэн суусан нь хүчтэй болно. Үүнийг бодож улстөрөө хийцгээгээрэй гэж хэлмээр болдог. Үүнийг өдөөдөг гадна, дотны хатгалга байгаа шүү. Шашин руу нь дайрдаг. Мал руу нь дайрдаг. Соёл руу нь дайрдаг. Зэвсэгт хүчин рүү нь дайрдаг. Энэ бүхэн цаанаа төр, иргэн хоёрыг холдуулаад хооронд нь итгэлцэлгүй болгож байна.

Монгол Улс их онцлог бүс. Ардчилсан тогтолцоо маань гуравдагч улс орнуудтай хамтрахад маш сайн гүүр болдог. Үүнийгээ сайн тордох хэрэгтэй. Мөн улс төр хийж байна гээд хоёр хөрш рүүгээ дайраад байдгаа зогсоох ёстой. Өөр хоорондын сайдаж муудсан зүйлдээ хөршүүдийн нэрийг холбоод “үүнээс ч боллоо, түүнээс ч шалтгааллаа” гэдэг зүйлээ одоо болих ёстой. Ардчилал гэдгийн цаана АНУ-д л гэхэд өөрийн улсынх нь асар том бодлого байдаг. Яагаад тэнд дур дураараа дургихгүй, хуулийн дор захирагдаж амьдарч байна вэ. АНУ-ын виз бөглөхдөө худал мэдүүлсэн хүнд хилээ нээдэггүй, хар тамга дардаг. Худал байж болохгүй, хуулинд захирагдах ёстойг хатуу хэм хэмжээгээр анхнаас нь мэдрүүлж байгаа хэрэг. Тэр бүхнийг тунгаахгүйгээр дур зоргоор тонгочоод байж болохгүй.

Хүмүүс нь ядруу, эдийн засаг нь сул дорой, иргэд нь хэдэн цааснаас юугаа ч худалдахад бэлэн байж болохгүй. Тийм болгохыг хүсэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Үүний шинж тэмдгүүд ч Монголд байнга илэрдэг. Тийм зүйлд манай ард түмэн, төр засаг байнгын сэрэмжтэй, дархлаатай байх хэрэгтэй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.