СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2024-06-03

“Банк-100” үзэсгэлэн “Чингис хаан” Үндэсний музейд нээлтээ хийлээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн өдөр /2024.06.02/ “Чингис хаан” Үндэсний музейд “Банк-100” гэрэл зураг, мөнгөн тэмдэгт, маркийн үзэсгэлэн нээлтээ хийжээ.

Нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, арилжааны банкнуудын захирлууд, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, “Монголын Зоос Судлалын Холбоо”, “Монголын филателийн холбоо”-ны удирдлага, гишүүд болон бусад хүндэт зочид, төлөөлөгч нар оролцов.

Эдүгээгээс 100 жилийн өмнө буюу 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн “Худалдаа ба Аж үйлдвэрийн банк” анхлан байгуулагдсан нь Монгол Улсад орчин цагийн өнөөгийн банкны тогтолцооны үүсэл, хөгжлийн эхлэл болсон билээ. “Банк-100” үзэсгэлэнд Монгол Улсын банкны салбарын зуун жилийн түүхэн фото зургууд болон Монголчуудын төлбөрийн хэрэгсэл, зоос, дурсгалын зоос, мөнгөн тэмдэгтийн хөгжлийг илтгэсэн ховор нандин цуглуулга, үзмэрүүдийг нэг дор дэлгэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойд зориулан гаргасан “Монголбанк-100 жил”, “Хубилай хааны зарлиг”, “Хос луу” сэдэвт дурсгалын зооснуудыг албан ёсоор олон нийтэд мөн танилцуулав. Түүнчлэн “Монгол шуудан” ХК-иас банкны салбарын 100 жилийн ойд зориулан гаргасан “Анхны өдөр” маркийн эх зургийг нээх ёслол, маркийг Монголын маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурах зэрэг ёслолууд болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.