Цагаан сар, Улсын их баяр наадам монголчуудын хөл хөөрцөг болж тэмдэглэдэг баярууд. Эдгээр баярыг тэмдэглэхтэй зэрэгцэн борлуулалт эрс сайжирдаг нь автомашины худалдаа ажээ. Хэдийгээр талх шиг зарагдахгүй ч тогтмол эргэлтэд ордог бүтээгдэхүүн хэмээн хүмүүс хэлдэг юм.
Баянзүрх дүүргийн иргэн Г.Туул автомашин худалдаж авахаар Да хүрээ захаар хоёр өдөр эргэлдсэн байна. “Дөрвөн жилийн өмнө 23 сая төгрөгөөр авч байсан SAI загварын машин 30 сая төгрөг болжээ. Ер нь л машины үнэ нэлээд өссөн байна лээ” гэж ярив. Эгнээ зэрэгцүүлэн тавьсан олон төрлийн авто машин дундуур сүлжиж явсаар “Prius 30” загварын машин авахаар тогтжээ. Түүний сонгосон машин 23-28 сая төгрөг байсан бөгөөд үйлдвэрлэсэн болоод орж ирсэн он, гаалиар гарч ирсэн үнэлгээнээс хамаардаг тухай машины худалдаачин тайлбарласан байна.
Гаалийн газраас гаргасан мэдээллээр энэ оны эхний таван сарын байдлаар ний 49.3 мянган ширхэг автомашин импортолсон байна. Өөрөөр хэлбэл, энэ оны нэгдүгээр сараас энэ сарын 27-ны өдрийн байдлаар 49.267 ширхэг суудлын авто машин импортоор ирж ирсэн хэмээн Гаалийн газраас мэдээлэв. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин өссөн үзүүлэлт юм байна. Харин тайлант хугацаанд 11.280 ширхэг ачааны авто машин орж ирсэн бөгөөд өмнөх онтой харьцуулбал 46 хувиар өссөн дүн ажээ.
Автомашины худалдаачин Т.Болормөнх “Машины үнэ огцом өссөн зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд мөнгөний ханш ямар байгаагаас л хамаарч бага зэрэг үнэ хэлбэлзэж байгаа. Гэхдээ оруулж ирсэн машинд гаалийн татвараас эхлээд зарим зардал гардаг. Үүнийг хүмүүс тооцоолдоггүй л дээ. Мэдээж бид үйл ажиллагаа явуулж байгаа болохоор бага боловч ашиг олох нь бизнесийн зарчим биз дээ” гэсэн юм.
Ямартай ч гаалийн мэдээг харвал автомашины импорт өсөлттэй гарч. Энэ хэрээр хүмүүст хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлж буй. Харин цагийн байдлыг дагуулан үнийг хөөсрүүлдэг муухай монгол араншин эдийн засагт чөдөр болдог талаар судлаачид хэлдэг юм билээ. Гэсэн хэдий ч эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг зах зээлийн зарчим чөлөөт зах зээлд үйлчилдэгийг сануулъя.
Б.БОЛОР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.