Монгол Улсад анх удаа галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих, бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг бүтээн байгууллаа. Уг төв нь жилд 20 сая тонн түүхий нүүрсийг дамжуулан ачих хүчин чадалтай юм.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 89 дүгээр тогтоолын дагуу 2021 оны наймдугаар сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулж байна.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь Тавантолгойн Баруун, Зүүн цанхын уурхайгаас олборлогдсон түүхий нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах” үйлдвэрийг түүхий нүүрсээр хангахаас гадна төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн долоон дамжлага бүхий цогц бүтээн байгуулалт юм.
Бутлуур, туузан дамжуурга, овоолгоос тэжээгч, вагон ачигч зэрэг үндсэн тоног төхөөрөмжүүд нь нэгдсэн удирдлагын өрөөнөөс хяналт, удирдлагыг хийх боломжтой SCADA систем нэвтрүүлсэн онцлогтой билээ.
Дэвшилтэд техник технологид суурилсан энэхүү логистикийн төв нь нийт дамжлагаараа цагт 3500 тонн, хоногт 64,000 тонн буюу жилд 20 сая тонн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулахаас гадна 1 вагонд 60 секундэд ачилт хийх хүчин чадалтай.
Тавантолгойн бүлэг ордын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг төмөр замаар хурдан, хямд өртгөөр, байгальд ээлтэй, үр ашигтай тээвэрлэхээс гадна логистикийн үйлчилгээний нэмүү өртгийг шингээх үндэсний хэмжээний томоохон цогцолбор төсөл юм.
Нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын хувьд,
-“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломж нээгдэнэ.
-Шинээр 135 орчим ажлын байр бий болно.
-Авто тээвэртэй холбоотой байгаль орчны сөрөг нөлөө буурч, тоосжилт, дуу шуугиан, тээврийн аюулгүй байдал, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна.
-Уул уурхайн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж дэлхийн зах зээлийн жишгээр баялгаа үнэлүүлэхээс гадна шуурхай тээврийн нөхцөл бүрдэнэ.
Ийнхүү “Нүүрс ачих логистикийн төв” нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой” нүүрсний бүлэг ордын талбайд баригдаж дууслаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Mongolchuudn Ur uhaansaad bh yu baihaw de 21aimag bbolon hotiin dulaan stantsuudad bugdend l bn nuurs damjuulah shugam .Oros ah narl deer ued l hj ugsun terg harad l gagnaj hj bosgochood boon sur bolool bh.n mongo iddeg ajilgaa n bas ywagdaa l blgui
Хаха Бямбацогт