Шинэ жилийн баяр хаяанд ирж, урлагийнхан халаасаа зузаатгах, халтуур хийдэг цаг аль хэдийнэ эхлэв. Өдийд хамтлаг, дуучид, хошин урлагийнхан, мэргэжлийн хөтлөгчид өөрсдийгөө үнэд хүргэдэг цаг л даа. Тайзан дээр гарч ганц хоёр дуу дуулаад л нийгмийн дундаж орлоготой иргэний 3-4 сарын цалинтай дүйцэйх хэмжээний мөнгө халаасладаг азтай ч гэмээр хүмүүс. Манай соёл, урлагийнхны шинэ жилийн баярын үйлчилгээний хөлс жирийн үеийнхээс хавьгүй өсдөгийг арга хэмжээ зохиодог байгууллагууд мэднэ.
Нэг талаас тэд авьяасаа үнэлүүлж, бусдын адил “хоолоо” залгуулж яваа. Зардал өндөртэй энэ баярт албан байгууллагын удирдлагууд ажилчдаа нэг үдшийг сайхан баярлуулах хүсэл төрдөг ч жил бүр ханшаа өсгөдөг нь “жаахан тийм”. Уран бүтээлчдийн шаггүй үнэтэй нүүр тулгардаг ч удирдлагууд "Жилд ганц удаа болдог баяр юм даа" гэж сэтгэлээ тайвшруулж буруу харж уйлан, зөв харж инээн хармаан дахаа сарвайна. Үзэгчдийн хайртай, хүндэлж биширдэг “акул” дуучид үнэ өндөр “том дуугарна”. Мэдээж цолны эрэмбэ, олон жил тайзан дээр дуулсан хөдөлмөрөө ч боддог биз. Хажуугаар нь залуу дуучин тодотголтой бардам "жаалууд”, хөтлөгчид хөөрхөн үнэ тогтоочихоод, гэдийгээд хөдлөхгүй. Албан байгууллагууд шинэ оноо хэрхэн угтах талаар хэдийнэ төлөвлөгөө боловсруулаад эхэлсэнтэй зэрэгцээд хамтлаг, дуучид ханшаа тогтоожээ.
Залуу хамтлаг дуучдын хамгийн доод ханш 500 мянган төгрөгөөс эхэлж буй. Ийм ханшаар амьд хөгжмийн, олонд танигдаагүй хамтлаг дуучдыг урих боломжтой. Харин рок, попын залуу хамтлаг, дуучид 1-3.5 сая төгрөгийн ханштай дуулах тухай чих дэлсэв. Зохиолын дуучдын хувьд 500.000-3 сая төгрөгийн ханштай байх нь. Энэ жилийн хувьд олонд танигдсан хөтлөгч захиалга ихтэй, бараг л олдохгүй гэдгийг шинэ жил зохион байгуулдаг газрууд хэлээд байгаа бололтой. Уран бүтээлчид өнгөрсөн жилийн ханшаа энэ жил нэг их “тэнгэрт хадаалгүй” барих бололтой.
ХАМТЛАГ, ДУУЧИД:
* “Хурд” хамтлаг: 5-6 дуу 10 сая төгрөг
* “Харанга” хамтлаг” 5-6 дуу 10 сая төгрөг
* “Камертон” хамтлаг: 2-3 дуу зургаан сая төгрөгөөр тус тус дуулах бол хамтлагийн ахлагч Д.Болд ганцаараа хоёр дуу таван сая төгрөгөөр дуулах гэнэ. Хамтлагийн дуучид Г.Мэндбаяр, Л.Ган-Эрдэнэ нар 1-1,5 сая төгрөгийн хооронд 2-3 сая төгрөгөөр дуулах нь ээ.
* “Чоно” хамтлаг 4-5 дуу 4 сая төгрөг
* “Киви” хамтлагаас Ука 2-3 дуу 2,5 сая төгрөг
* Шинэ жилийн тухай хамгийн олон дуутай дуучин бол МУГЖ Б.Сарантуяа. Тэрбээр 2-3 дууг 4 сая төгрөг.
* МУГЖ Т.Ариунаа хоёр дууг 3.5 сая, гурван дуу 4 сая төгрөг
* “Номин талст” хамтлаг 3-4 дуу 3 сая төгрөг
* “Sweet Еmotion” хамтлаг хоёр дууг 3 сая төгрөг.
* “3 охин” хамтлаг 2-3 дуу 3 сая төгрөг
* “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах 2-3 дуу 1.5 сая төгрөг
* Т.Дэлгэрмөрөн 2-3 дуу 1.5 сая төгрөгөөр дуулна.
* Реппер Gee гурван дуу 3 сая төгрөг. Тухайн үед үзэгчдийн сэтгэл хөдлөл зэргээс хамаарч дахин нэг дуу үнэгүй дуулж өгдөг гэнэ.
* А.Хишигдалай, Н.Зоригт нар 2-3 дуу хоёр сая төгрөг
Шинэ жилийн үдэш зохиолын дуу сонсохыг хүссэн хүмүүс олон байдаг. Тэдний таашаалд нийцүүлэн үдэшлэг зохион байгуулагчид зохиолын дуучдыг урьдаг. Тэд одоогоор хараахан ханшаа тогтоож амжаагүй боловч тогтсон ханштай. Зохиолын дуучдын хувьд нэг ханш дээрээ хатуу зогсдоггүй, харилцан тохиролцдог байна.
ЗОХИОЛЫН ДУУЧИД
* Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар гурван сая төгрөг
* Г.Эрдэнэтунгалаг гурван дуу 2 сая төгрөг
* Д.Намсрайноров гурван дуу 2.5 сая төгрөг
* Л.Болдбаатар 1.5 сая төгрөг
* МУГЖ С.Батсүх хоёр дууг нэг сая төгрөг. Харин хэвлүүхэн яриатай Б.Бат-Энэрэлтэйгээ ирвэл үнэ нь ялимгүй өснө гэх. Гэхдээ түүний хамтрагч насанд хүрээгүй учир олон арга хэмжээнд оролцох боломжгүй гэнэ.
* А.Түмэн-Өлзий, Л.Сөрөлт 1.5 сая төгрөгөөр дуулж, Л.Сөрөлт хөтлөх дуулдсан
Харин хошин урлагийнхны жүжигчид цэнгүүнийг 1-2 сая төгрөгөөр хөтлөх нь.
ХӨТЛӨГЧИД
* UBS-ийн хөтлөгч Анууш буюу Э.Гантулга гурван сая төгрөг
* Г.Оюунцэцэг 1.5 сая төгрөг
* Олонд танигдсан хөтлөгч Д.Цоодол, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо, С.Чимгээ нар 2 сая төгрөгөөр хөтөлнө.
* “Шинэ үе” хамтлагийн Аглуу, Бооёо нар тус тусдаа 3 сая төгрөгөөр шинэ жилийн баярын үдшийн цэнгүүнийг хөтлөх аж.
ӨВЛИЙН ӨВГӨН, ЦАСАН ОХИН
* МУГЖ Б.Жаргалсайхан, үзэсгэлэнт таван цасан охины хамт айл өрх, албан байгууллагын шинэ жилд 1 сая төгрөгөөр зочлох нь тодорхой.
* Олонд танигдаагүй өвлийн өвгөн, цасан охид 300-500 мянган төгрөг.
Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө хамтлаг, дуучид, хөтлөгчдийн үнэ ханш харьцангуй хямд байдаг бол түүнээс хойших үдшийн цэнгүүнд ханшаа 1-2 саяар нэмж, хоёр дууг 3-5 сая төгрөгөөр дуулдаг жишигтэй.