Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг үл хөдлөхийн татварын асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:
-Монгол Улс маань ардчилсан, чөлөөт зах зээлд шилжээд 30 гаруй жил болж байна. Чөлөөт эдийн засгийн гол чухал зүйл нь хувийн өмч бөгөөд татвар төлөх байдаг. Сүүлийн үед “Хангай” зочид буудлын асуудлыг хөндөж байгаа. Тус буудал 20 гаруй жил татвар төлдөггүй байсан байна. Татвараа төлөөч гэдэг шаардлагыг тавьсан. Хангай зочид буудлын хувьд үнэлгээ 2010 онд 600 сая гэдэг үнэлгээ хийгдээд жилийн зургаан саяын татвартай байгаа. Иргэдээс бас энэ татварын мөнгө бага юм биш үү гэдэг асуудлыг тавьсан. Бидний хувьд хотод шийдэх ёстой хууль эрх зүйн асуудлууд байгаа.
Түүний жишээ бол үл хөдлөх хөрөнгийн татвар, түүний үнэлгээтэй холбоотой асуудал байгаа юм. Хотын эдийн засаг бол өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаанаас авах татвараас бүрдэж байдаг. Энэ татварыг авч байж иргэдийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэж ажиллана. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, түүний татвар дээр хууль бус зүйл байна. Хууль эрх зүйн орчныг нь дахиж харах шаардлагатай байна. Үүний гажуудлыг засах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тухайлбал, хотод байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн хамгийн бага татвар төлдөг үл хөдлөхүүдийн мэдээллийг та бүхэнд хүргэе.
“Мандухай” зочид буудал байна. Их дэлгүүрийн хойно байдаг. Хотын А зэрэглэлийн бүс. Маш сайхан орчинд байдаг. Гурван давхар зочид буудал байгаа. Анхны бүртгэлийн үнээрээ буюу 17.6 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан байна. Энэ үнэлгээгээрээ одоо хүртэл яваад жилдээ нэг хувь буюу 170 мянган төгрөгийн татварыг нийслэлд төлдөг. Энэ гурван давхар барилга 17.6 сая төгрөг гэхээр та бүхэн гайхаж магадгүй. Одоо энэ үнээр хуучин приус машин ч авах боломжгүй. Гэтэл ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс орлогын албан татвар төлдөг. Сардаа 1.5 сая төгрөгийн цалинтай хүн энэ үнэ хөдлөх хөрөнгийн эзнээс их татвар төлж байгаа. Хотын А зэрэглэлд гурван давхар барилгыг 17.6 сая гэж бүртгүүлээд үүнийхээ дагуу жилдээ 170 мянган төгрөгийг татварт өгч байгаа нь тэгш бус, бүртгэлийн хууль, үнэлгээний хууль нь энэ байдлыг бий болгож өгч байна.
Дараагийн үл хөдлөх нь Элбэг их дэлгүүр. Дөрвөн давхар маш том их дэлгүүр. Ашиг орлого их олдог бизнес. Элбэг их дэлгүүр 180 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Нийслэлийн төсөвт жилдээ 1.8 сая төгрөг төлдөг. Бодвол, Элбэг их дэлгүүр энэ үнэлэгдэж байгаа үнэлгээнээсээ өндөр, ашиг орлого нь их байх.
Мөн “Home Plaza” байна. Хотын маш сайхан хэсэгт үйл ажиллагаа явуулдаг. Худалдаа үйлчилгээ, шөнийн баар цэнгээний үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэтэл үнэлгээ нь 1.7 тэрбум төгрөг. Энэ бол зүгээр л зайсанд байгаа нэг орон сууцны үнэтэй дүйцэхээр байна.
Тэгэхээр үл хөдлөхийн үнэлгээг зах зээлтэй дүйцүүлж байж, түүнээсээ татвар авахгүй бол татварын хураалт маань тэгш бус байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс 10 хувийн татвар авдаг. Гэтэл үл хөдлөхийн үнэлгээ нь анхныхаараа бүртгэлтэй байгаад татвараас зайлсхийх нэг хэрэгсэл болсон байна.
Хуулийг нь харахаар улсын бүртгэлд анх ямар үнээр бүртгүүлнэ түүнийхээ дагуу татвараа төлдөг ийм зохицуулалттай байгаа. Шинэчилж үнэлгээ хийх зохицуулалт байхгүй. Тэгэхээр энэ гажуудлыг нь өөрчлөхийн тулд хуулийн өөрчлөлт хийнэ. Ингэж байж тэгш байдал бий болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
үнэн шүү