УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Тэгэхээр танхим бол баялаг бүтээгч бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах хуульчлагдсан байгууллага. Энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор танхим дээр хариуцлага цуг очно. Эрхтэй хамт хариуцлага нь цуг очно. Тэр утгаараа энэ хууль батлагдсаны дараа дотоод зохион байгуулалт дээрээ анхаарах байх гэж бодож байна.
Одоо бид нар чинь даваа гаригт улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулж дуусна. Зарим намууд нэр дэвших зөвлөлөө байгуулаад байгаа. Ер нь хувийн хэвшил маань өндөр ёс суртахуунтай байх шаардлага тулгарна. Урьд урдьдын сонгуулиудаар гарч байсан шиг хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшингүүт хонгилддог, барьдаг, хуулийн байгууллага ийм байдлаар сонгуульд дам нөлөөлдөг ийм юмыг гаргахгүй. Аль ч намын тухайд, Ерөнхий сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайдын тухайд ийм асуудал гаргахгүй. Нэр дэвшигчийг хорьж барьдаг асуудал гаргахгүй.
Хоёрдугаарт, зарим нам мөнгө цагаан нүд улаан гэгчээр ялангуяа намын жагсаалтын эхний тавыг 10-15 тэрбумаар зарж байгаа мэдээлэл байгаа. Энэнтэй холбоотой хувийн хэвшлийн томоохон бизнесийн байгууллагаас мөнгө цуглуулж байгаа асуудал авагдсан. Тийм учраас хэрэг төвөгт орсных нь дараа биш хэрэг төвөг гарахаас урьдчилан сэргийлүүлж, ялангуяа улс төрийн намын удирдлагууд, бизнесийн томоохон компанийн тодорхой захирлуудад хандаж анхааруулахад, өнөөдөр, маргааш нөгөөдөр гэсэн гурван өдрүүдэд хэрэгт орж гогдуулав. Энэ тохиолдолд саяны ярьж байгаа асуудал яригдахгүй. Яагаад гэхээр төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг байгаа. Тэгэхээр олон тэрбум төгрөгөөр жагсаалтыг наймаалцаж, баялаг бүтээгчдээс мөнгө авч байгаад гардуулбал тухайн нам, намын удирдлага, тухайн компанийн захирал битгий харамсаарай. Хууль өөрөө үйлчилж таарна шүү гэдэг зүйлийг бас урдчилж хэлье гэж бодож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.