Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяагаас тодрууллаа.
-Танай байгууллага “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд ямар чиг үүрэгтэй хэрхэн ажиллаж байна вэ. Иргэд хаанаас хэрхэн мэдээлэл авах боломжтой бол?
-Манайх “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй агентлаг учраас батлагдсан хууль, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ЗГХЭГ-тай хамтран ажиллаж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй холбоотойгоор малчдын сонирхсон олон асуулт ирж байгаа. Бид өөрсдийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Засгийн газрын Хурдасгуур төв дээр call center ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд 21 аймгийн 330 суманд 660 сургагч багш ажиллаж байгаа. Долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагийн 11:00-12:30 цагийн хооронд цахимаар шууд хэлбэрээр заавар, зөвлөгөө өгч байна.
-Малчид хоёр өөр зээл юм уу гэж нэлээд асууж байна. Та энэ талаар тодруулна уу. Зуданд малаа алдсан айл хоршооны зээлээр малжих боломжтой юу?
-“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд зуданд малаа алдсан өрхийг малжуулах бодлого давхар явж байгаа. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа малжуулах хөтөлбөрийн хүрээнд 8 хүртэлх сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрээр малжуулах бодлого явж байгаа. Тухайн малчин харъяа аймаг, сумынхаа Хөдөлмөр, халамжийн хэлтэст хандаж болно. Зуд болсон, малаа алдсан аймгуудын судалгаа гарсан. Энэ хэсэг рүү малжуулах бодлогыг түлхүү хэрэгжүүлнэ.
-“Шинэ хоршоо”-ны хүрээнд олгох хөрөнгө оруулалтын зээл үүнээс ялгаатай гэсэн үг үү?
-Малчид руу чиглэсэн хоёр төрлийн зээл байгааг ялгаж ойлгох хэрэгтэй. Хэрэв малчид нэгдээд хоршоо байгуулаад, бизнес төлөвлөгөөгөө бичээд арилжааны банкуудад хандахад хоршооны гишүүний малчинд 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгох юм. Энэ нь 5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, эхний жил эргэн төлөлт хийгдэхгүй нөхцөлтэй зээл юм. Хоршооны үйл ажиллагаа явуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилготой авч буй зээл гэсэн үг. Гэхдээ заавал хоршоонд элсэж зээл ав гэж шахаж шаардаагүй.
-Хуучин хоршоо байгуулчихсан хүмүүст зээл олгох уу?
-Хоршоо хэлбэрээр байгуулсан хуулийн этгээд л байвал шинэ, хуучин гэж ялгахгүйгээр энэ зээлийг олгох боломжтой. Өөрөөр хэлбэл, хуучин хоршоо үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж байгаа бол зээл олгогдоно гэсэн үг. Гэхдээ хоршооны гишүүд нь малчид байх ёстой.
-Малгүй, малчин биш ч гэсэн мах ангилан ялгадаг хоршоо энэ зээлд хамрагдаж болох уу?
-УИХ-аар баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн дагуу хоршооны гишүүд нь малчин биш бол энэхүү хөрөнгө оруулалтын зээлд хамрагдах боломжгүй юм.
-Нэг малчин өрх төсөл бичиж зээлд хамрагдаж болох уу. Заавал хоршоо байгуулах ёстой юу?
-Энэ зээл хоршоонд нэгдсэн малчинд очно. Хоршооны гишүүд нэгдээд үйл ажиллагаа явуулах зорилгоор нэгдсэн төсөл бичээд зээлд хамрагдах хүсэлтээ өгч болно.
-Малчид энэ талаар мэргэжлийн хүнээс биечлэн зөвлөгөө авах боломж байна уу?
-Сум бүрт хүрч ажиллаж байгаа хоёр сургагч багшаас гадна аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ЖДҮ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн байдаг. Мөн суманд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан нэг мэргэжилтэн ажилладаг. Ингээд малчин та нийт 4 хүнээс мэдээлэл авч болохоор байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.