Монгол оронд үүссэн зудын гамшгийн эсрэг үзүүлэх хамтын ажиллагаа болох малын гоц халдварт өвчинтэй тэмцэх материал, тоног төхөөрөмжийг “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т хүлээлгэн өгөх ёслол өчигдөр /2024.05.13/ болж өнгөрөв.
Уг ёслолын үеэр “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака хэлсэн үгэндээ “Монгол Улсын ихэнх нутаг зудын гамшигт өртөж, олон иргэд их хэмжээний хохирол амссанд харамсаж байна. Зудын гамшгаас гаралтай хохирол нэмэгдсээр байгаад санаа зовниж байгаа бөгөөд, бүс нутгийн хойд хэсэгт яаралтай малын сэг зэмийг устгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа хэмээн ойлгож байна. Өнөөдрийн энэхүү тусламж нь зудын хохирлыг арилгахад тус нэмэр болно хэмээн найдаж байна. Энэхүү үйл ажиллагаанд Монголын ард иргэд өөрсдийн хүчээ нийлүүлэн хамтран ажиллах нь чухал бөгөөд Япон улс ч бас та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэв.
Мөн Элчин сайд М.Игавахара энэ үеэр хэлсэн үгэндээ “Зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа бөгөөд тус ажиллагааны тэргүүн эгнээнд аймаг тус бүрт ажиллаж буй ОБЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын хамт олонд хүндэтгэл илэрхийлэхийн ялдамд Япон Улсын зүгээс үзүүлж буй энэхүү тусламж маань өчүүхэн ч болтугай та бүхий ажилд тус дэм болно хэмээн найдаж байна” гэв.
Уг хамтын ажиллагаа нь 2016 онд “ЖАЙКА”-гийн “Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах” сэдэвчилсэн сургалтад хамрагдсан ОБЕГ-ын ажилчдаар уг сургалтын үр дүнг амьдралд буулгаж, түгээн дэлгэрүүлэх зорилготой, “ЖАЙКА”-гийн хөтөлбөрийн үргэлжлэл болон хэрэгжиж байна.
Хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүнд ариутгалын хоёр төрлийн бодис (нийт 1 тонн), автомат шүршигч 250 ширхэг, халдвар хамгааллын хувцас 7,000 ширхэг орсон бөгөөд эдгээрийг хөдөө орон нутагт хэрэгжүүлж буй малын сэг зэмийн устгал, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд хэрэглэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.