СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-13

Эрчүүд ээ, айгаагүй л бол бүсгүйчүүдтэй жендерийн мэдрэмжтэй өрсөлд

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Жендерийн мэдрэмжтэй байх бол өнөө цагт баримтлах ёс зүйн нэн чухал критер. Олон улсын хэмжээнд уриалж, зөв хандлагыг хэвшүүлэх хамтын ажиллагаа нэн идэвхтэй өрнөсөөр байна. Кино, контент гээд бүх чиглэлд л жендерийн мэдрэмжтэй байх шалгуур тавигдах болов.

Үүний цаана маш энгийн: Хүнийг ер хүйсийн онцлог шинж чанарт нь тулгуурлаж, ялгаварлаж болохгүй тухай л ойлголт бий. Нөгөө талаар, эрэгтэй, эмэгтэй хүмүүст яг ижилхэн шаардлага тавих, тэгш боломж олгох талаар юм.

Нэг үеэ бодвол улс төрийн намууд эмэгтэй кандидатад боломж олгохыг чухалчилдаг болчихлоо. Сонгуулийн тухай хуулиа ч энэ чиглэлд өөрчилж, квотын босгыг дээшлүүлж өгсөн. Энэ жил ер нь эмэгтэй горилогчид мэдлэг боловсролоор ч, аливаад хандах хандлагаар ч эрчүүдтэй ана мана үзэлцэх, эерэг бөгөөд шударга имижтэй байна.

Харин өрсөлдөөн шударга байх тухай дараагийн асуудал яригдана. Эмэгтэйчүүдийг гараан дээр нь тодорхой хэмжээнд дэмжчихлээ. Одоо цаашид яах вэ. Өрсөлдөж болно. Үүний тулд бас "дайрна".

Нэг хэсэгтээ өрсөлдөгчөө харлуулах бохир так тикаас монголчууд ангижрахгүй нь дамжиггүй. Гэхдээ энэ нь адаглаад жендерийн мэдрэмжтэй байх шаардлагатай байна.

Эрэгтэй хүнийг бол ажил үйлсээр нь ярьж, хэлэлцээд байдаг. Эмэгтэй хүнийг ахуйн хүрээний асуудалд уяж, түүгээр үнэлэх гээд үзчихдэг. Энд л жендерийн мэдрэмжгүй, ялгаварлан гадуурхсан, хуучинсаг хандлага "ажиллаж" байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг ил цагаан гүтгэв. Бөх залуутай амрагийн харилцаатай болсон, энэ нь камерын бичлэгт үлдсэн гэж. Атал нягтлан шалгаж үзвэл тэр нь 2016 онд, Боливид хийгдсэн бичлэг болж таарсан.

Ч.Ундрамын хийсэн ажлаас хариуцлага нэхвэл зүгээр. Бодлого, шийдвэрт нь шүүмжлэлтэй хандаж болмоор. Гэвч эмэгтэй л хүн учраас, амрагийн харилцаа гэдэг сэдвийг л "зохино" гэж үзжээ.

Өмнө нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг бас л коммунист гэж харлуулсан. Уулзалт хийсэн хүмүүс нь өөрсдийн хүслээр, улаан өнгийн хувцсаар жигдэрсэн л байж таарч. "Та нар яагаад ижил хувцас өмчихсөн юм. Би хамт зургаа даруулж чадахгүй нь. Солиод ир" гэж хэлж болохгүй шүү дээ. Гэтэл "Улаан хувцсаар жигдрэхийг шаарджээ" гээд л сэвсэн. Өнөөдөр тийм бүдүүлэг захиргаадалт хаана ч байх боломжгүй.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгийн тухайд Нью-Йорк, Английн хуулиар зөвлөгөө эрх авсан, Монголдоо өдрийн од шиг цөөн боловсон хүчин. Түүний карьер, боловсролын байдал супер. Ажил хэрэгч, хурдтай нь НЗД-ын орлогчоор томилогдоод хагас жил ч болоогүй байхдаа хийсэн ажлуудаар нь батлагдаж байна. Авчиг дахиад л эмэгтэй хүн гэдэг имижээр, тэр бүгдийг нь бүдгэрүүлж, дарахыг оролдож байх.

Ер нь эмэгтэй хүн болохоор л амрагийн явдал, тогоо шанага, гадаад үзэмж, өмссөн зүүсэн зэрэг сэдэвт холбож, түүнийгээ өрсөлдөөн гэж нэрлэх бол бид жендерийн мэдрэмж гэдгийг ойлгоогүй л гэсэн үг. Атал төрийн гурван өндөрлөг бодлогоор, тус тусын инститүцдээ жендерийн тэгш байдалд анхаарч байна. Олон улсын өмнө ч үүрэг хүлээж байна.

Цаг үеэ дагаад илүү өндөр боловсролтой, цэгцтэй, гар хурдан, толгой сэргэлэн шинэ үеийн эмэгтэйчүүд бэлтгэгдсэн. Боловсролоо, сурсан мэдсэнээ, өөрийн туршлага, авьяас чадварыг нийгэмд тустай зориулахад нь эрчүүд хийгээд олон нийт дэмжих ёстой. Нэг үгээр эрчүүдтэй яг адилхан нөхцөлөөр дэмжиж, мөн адил нөхцөлөөр шүүмжилдэг болох л бидэнд үгүйлэгдэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.