СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2024-05-11

А.Цогцэцэг: Иргэд харшилд сайн гэж өндөр тунтай гармон тариулж байгаа нь маш том эрсдлийг бий болгодог

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Монгол улсын Эрүүл мэндийн 26 дахь сайд, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, доктор, профессор, арьс судлалын зөвлөх эмч, “Аллегри мед” эмнэлгийг үүсгэн байгуулагч А.Цогцэцэгтэй хаврын улирлын харшил болон харшлын бусад сэдвээр ярилцлаа.

Үргэлжлэн буй энэ өдрүүд бол ургамлын тоосны харшлын эхэн үе. Тухайн үеийн онцлогтой холбогдуулаад та зөвлөгөө мэдээлэл өгөөч? 

-Яг одоо ургамлын тоосны харшлын улирал ирж байна. Энэ өдрүүдэд хавар цагийн ургамлын тоосны тоосжилт агаарт цацагдаж үүнээс улбаатай хүний бие организмд сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ бүлэг өвчнийг ургамлын тоосны харшил гэдэг.  Онцолбол энэ үед хар мод, бургас, улиас цэцэглэхтэй холбоотой ургамлын тоосны харшлууд нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр иргэд та бүхэн маань ургамлын тоосноос харшилсан эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатай. Энэ бол хамгийн зөв алхам бөгөөд тохиолдож болох олон эрсдлээс урьдчилан сэргийлдэг.

Эмнэлзүйн шинж тэмдэг гэдгийг тодорхой хэлбэл?

-Ургамал цэцэглэж агаарт тоосоо гөвж эхлэхэд нус, нулимс гарах, загатнах, хоолой сөөх, ирвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иргэд эдгээр шинж тэмдгийг ханиад эсвэл бусад өвчнүүдтэй ялгаж салгахгүйгээр дур мэдэж эмчилгээ хийж болохгүй. Хэрвээ ийм шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмнэлэгт ирж сорил тавьж, оношлуулаад эмчилгээнд орох зайлшгүй шаардлагатай байдаг.  Олон улсын түвшинд хоёр төрлийн эмчилгээ бий. Тухайн ургамлын тоосноос нь гаргаж авсан бүтээгдэхүүнийг бага тунгаас нь организм дасах тун хүртэл хэрэглэнэ. Хэлэн дээрээ тавьж уудаг вакцин ч бий. Эсвэл тухайн сар эхлэхээс өмнө угтуулах эмчилгээ хийх боломж бас байна. Харин аль эмчилгээг хийх вэ гэдгийг мэргэжлийн эмч сорил тавьсны дараа сонголтоо хийдэг. Эрт зөв арга хэмжээ авснаар ургамлын тоосноос сэргийлэх боломж бүрддэг.

Ханиад томуунаас хэрхэн ялгах вэ?

-Ханиад, ургамлын тоосны харшил хоёрыг салгаж аль нь вэ гэдгийг ялгах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, ханиад, вирүсийн гаралтай өвчнүүдийн үед халуурна, бие эвгүй оргино, толгой өвдөнө мөн хамт нус, нулимс гарах, найтаалгах шинж тэмдгүүд илэрдэг.  Харин ургамлын тоосны харшил бол халуурах бие зарайх  шинж тэмдэг байдаггүй. Нус, нулимс гоожиж, нүд, хамар, хоолой, чих загатнана.

Харшилаа ханиад гэж эмчилснээр ямар сөрөг үр дагавар бий болох вэ?

-Хэрвээ ургамлын тоосны харшилтайгаа мэдэлгүйгээр жил болгон энэ өвчнөөр дахин дахин өвдөөд байвал бие организмд ялангуяа амьсгалын замын эрхтнүүдэд хүндрэлүүд бий болно. Астматай болно, хамрын таславчууд мурийна. Жилийн дөрвөн улиралд хамар битүүрч, хурц үнэртэй бүтээгдэхүүн ялангуяа оранж төрлийн жимс, самар зэрэгт харшил хөдөлж тухайн хүний амь насанд хүртэл аюул учрах эрсдэлтэй. Тиймээс би харшилтай юмаа гээд тоохгүй яваад байх аюултай.

Улиасны хөвөн хийсээд эхлэхээр олон хүн тавгүйтдэг дээ?

-Тавдугаар сарын дунд үеэс модлог ургамлаас улиас, бургас цэцэглэж цагаан хөвөн шиг тоосонцорууд агаарт бий болж амьсгалын замаар хамар, нүдний салстаар нэвтэрдэг. Ургамлын тоосны харшил өвчин сүүлийн жилүүдэд хот тохижилтын улмаас байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдсанаас нэмэгдэж байна. Агаарт нэг метр куб см талбайд цацагдах тоосонцорын хэмжээ ихсээд ирэхэд бие организмд сөрөг нөлөө үзүүлдэг. Ингэхдээ тухайн хүний биеийн эсэргүүцэх чадвараас шалтгаалаад зарим нь эмгэг болгож хүлээж авч байхад, зарим нь огт ажрахгүй явж байна.

Сорилыг хэрхэн тавьдаг вэ?

-Сорил гэдэг бол тухайн ургамлын мэдрэг чанарыг үздэг үйлчилгээ. Цусанд бас арьсан дээр хатгаж эсвэл бэгнэж үзэж болно. Тэгээд бие организмын хариу урвал ямар хэмжээнд өгч байгаа гэдгээс шалтгаалаад эмчилгээгээ сонгоно. Бүр нарийвчилж яривал тухайн ургамлуудын тоосонцороос ялгаж авсан сорилыг хүний бие организмд нэвчүүлэх, цуснаас шинжилгээ авах байдлаар илрүүлдэг гэсэн үг. Зарим хүмүүс олон төрлийн ургамлын харшилтай байдаг. Энэ үед эмийн эмчилгээ л хийнэ. Харин ганцхан төрлийн шарилж ч юмуу, бургас, луулиас харшилтай байвал тухайн ургамлын өвөрмөц бэлдмэлийг бэлтгэж дасан зохицох хүртэл хийнэ. Энэ бол вакцин эмчилгээ юм. 

Ургамлын тоосны харшлын өдөөгч нь улирал цагаасаа хамаараад өөр, өөр байх нь?

-Тийм ээ. Жишээ нь, тавдугаар сард модлог ургамлын тоосжилтоос эхэлдэг бол зургаадугаар сард зүлэг ургамлуудын харшил эхэлдэг. Мөн л нус, нулимс гарч, загатнах, улайх, нүдний салст хөөх, чих загатнах шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр ялгаагүй сорилоо тавиулаад ямар ургамлаас шалтгаалж харшил үүсч байна гэдгээ тогтоолгоод эмчилгээнд орох шаардлагатай. Хэрвээ 6 сард харшил хөдөлдөг гэдгээ мэддэг бол хоёр сарын өмнө угтуулах эмчилгээнд орох бүрэн боломжтой. За цаашлаад 7 дугаар сарын 15-наас намрын тоосжилтын үе эхэлдэг. Энэ бол хамгийн хүнд хэцүү үе. Шарилж, лууль гээд хөл газрын ургамлууд агаарт тоосоо гөвсөнөөс бие организмд эмгэг өөрчлөлт өгдөг. Өглөө үүрээр, орой 20-21 цагт, бороо орсны дараа нар гарах үед хамгийн ихээр агаарт тоос цацагддаг. Энэ үед хэрвээ та тоосны харшилтай бол хамгаалах хэрэгслээ хийх хэрэгтэй. Дээрээс нь гэр бүлийн гишүүд гаднаас орж ирээд гадны хувцсаа дотогш нь харуулж эвхэж тавихыг зөвлөдөг.

Маш олон хүмүүс жил болгон ургамлын харшил хөдлөөд гээд явж байдаг. Эдгэрэлт нь хэр үр дүнтэй вэ?

-Ургамлын тоосны харшил эмчлүүлэхгүй яваад байхаар астматай болдог. Астма нь архагшвал амьсгалын дутагдалд орох улбаалсан хүнд хэлбэр рүүгээ шилждэг. Ийм аюул байдаг учраас үүнийг хэнэггүйтэж явах шаардлагагүй. Дээрээс нь хэрвээ шинж тэмдэг илрээд байх юмбол мэргэжлийн байгууллагадаа ханд. Эмчилгээнд 3-4 жил явахад илааршиж, эдгэх магадлал өндөр байдаг. Дэлхий нийтэд харшлын гаралтай өвчнүүдийг эмчлэх стандарт, удирдамжууд байна. Ургамлын тоосны харшлын нэг гол хүндрэл нь амьсгалын замын бусад эмгэгүүд рүү шилжчихдэг учраас хүндрэл ихтэй, амь нас, амьдралын чанарт нөлөөлдгөөрөө хамгийн хортой. Өнөөдөр маш их барилгажилт, хотжилтын улмаас талхлагдсан газрууд их болж байна. Энэ хэрээр хөл газрын ургамал ургадаг.

Удаан үр дүн гарах нь, тийм ээ?

-Аливаа нэг харшлын өвчин  харшил төрүүлэгч үйлчилж байхад эмчилгээнээс үл хамаараад сэдэрдэг. Энэ нь хамгийн төвөгтэй. Тиймээс хэчнээн эмчилгээ хийсэн ч шарилжтай, луультай газар бороо орсны дараа гарахад л сэдэрчихдэг. Тэгэхээр нэгдүгээрт хамгаалах шаардлагатай, хоёрдугаарт нь эмийн эмчилгээгээ тогтмол хийлгэх шаардлагатай, гуравдугаарт нь жил болгон угтуулах эмчилгээ эсвэл вакцин эмчилгээнд орж эмчийнхээ хяналтад байж энэ цаг хугацаагаа даван туулах хэрэгтэй. Өвчин эмгэг олон давтамжтайгаар дахиад байвал архаг хэлбэрт шилждэг. Архаг өвчин  дахин дахин сэдрээд байвал эрхтэн тогтолцоонд өөрчлөлт ордог.

Хүмүүс харшлын эмийг нэг, хоёр удаа уугаад хаядаг. Эсвэл амнаас ам дамжаад янз бүрийн бэлдмэл, арга чарга хэрэглэдэг шүү дээ?

-Харшлын эсрэг эмийг иргэд зөв хэрэглэх ёстой. Нэг, хоёр, гурав, дөрөв хоног ууж байгаа тохиолдолд организм эмтэй дасан зохицох процесс илүү явагддаг. Харшлын гаралтай өвчин эмгэгүүдийн үед эмийг урт хугацаанд буюу 2-6 ууж байж эмгэгүүдийг илааршуулах, тогтмол хэмжээнд барих улмаар архаг өвчнүүдээс сэргийлэх боломж бүрддэг. Богино хугацаанд уугаад хаяад байвал маш хурдан дасан зохицоно. Энэ алдаа нийтлэг учраас тухайн эм үйлчлэхгүй байна, хуурамч эм зэрэг буруу ойлголт гарч ирдэг.

Ам дамжсан арга чаргын тухайд?

-Манайхан ам дамжсан ярианд дуртай сониуч ард түмэн. Хүн хэзээ ч өөрийнхөө эрүүл мэндэд ам дамжсан зүйлээр туршилт хийж болохгүй. Ялангуяа харшлын гаралтай өвчнүүдийн үед биологийн бэлдмэлүүд, тарьдаг, уудаг, түрхдэг өндөр тунтай гармонуудыг хэрэглэдэг. Ялангуяа хүмүүс дур мэдэж ОХУ, Хятадаас өндөр тунтай гармон авч тарьдаг. Үүнийг нэг хийлгэчхэд зунаа даачихдаг юмаа гээд явж байдаг. Энэ маш буруу. Өнөөдөр шинж тэмдэг нь арилаад эрүүл болж байгаа юмшиг боловч бусад эрхтэн системийг доголдолд оруулчихдаг. Бөөрний дээд булчирхайгаас гардаг гармонууд хүчтэй гармонуудыг хэрэглэснээр дарангуйлагдаж, организм өөрөө ажиллахгүй цаанаасаа нэхэх боломжийг бүрдүүлдэг. Энэ өндөр тунтай гармонууд хэрэгтэй үедээ хэрэгтэй, хэрэггүй үедээ өвчний үе шатаасаа хамаараад хамгийн хэрэггүй зүйл.

Батга өсвөр насныхан болон залуусын дунд тулгамдсан асуудал. Батганы тухай бид юуг мэдэж байвал зохилтой вэ?

-Залуучуудын хамгийн их сэтгэл санааг хямраадаг зүйл бол батгашилт. Батгашилт гэдэг чинь ерөөсөө л тосны булчирхайн өвчин шүү дээ. Бэлгийн дааврын бойжилтын үед тосны булчирхай хамгийн ихээр идэвхжиж байрладаг цэгүүд болох нүүр, хамар, уруулын гурвалжин, цээж, хоёр далны хооронд үрэвсэл үүсдэг. Үрэвсэл яагаад үүсч байгаа вэ гэхээр шар үсний нүх болгон дээр  байгаа тосны булчирхай хэвийн хэмжээнд ялгарч чадахгүй тосон бөглөө үүсч, тэрэн дээр нь хүний бие организмд байдаг бактери нянгууд үржих бололцоо бий болчхож байгаа юм. Өөрөөр хэлбэл тослог ихтэй байхаар бактери эмгэг болж үрэвсэл үүсгэдэг. Шар үсний хүүдийний амсар бүр дээр жижиг тосон бөглөө үүсч дээр нь нян бактери суугаад идээлэх, бөөгнөрсөн буглаа хэлбэртэй идээт үрэвсэл бий болдог. Манайхан  гоо сайханд ороод шахуулдаг. Энэ бол маш буруу. Яагаад гэхээр тосны булчирхайнэнэ өвчлөл бэлгийн даавартай холбоотой. Тиймээс гоо сайханд биш эхлээд эмнэлэгт хандах хэрэгтэй. Ингэхгүйгээр гоо сайханд шахуулах, ямар нэгэн сүлжээний бүтээгдэхүүн хэрэглээд байвал өвчин даамжрах, сорви үүсэх нөхцөл бүрддэг. 

Тэгэхээр хамгийн түрүүн ямар эмчилгээ хийлгэх вэ?

-13-35 насны залуучуудад батгаших хандлага өндөр байдаг. Бэлгийн даавартай холбоотой асуудлууд явагдаж байгаа учраас мэргэжлийн байгууллагууд шинжилгээ хийлгээд эмчилгээгээ сонгоно. Дэлхий нийтэд хэд хэдэн төрлийн эмчийн эмчилгээний стандарт байна. Гармон зохицуулах эмчилгээ, тосны булчирхайг багасгах эмчилгээ гэх мэт. Алийг нь сонгох вэ гэдгийг эмч үйлчлүүлэгч хоёр шинжилгээнийхээ үр дүнг хараад шийдвэрлэх боломжтой.

Хеликобактериос болоод нүүрээр юм гарлаа гэдэг яриа нийтлэг байдаг шүү дээ?  

-Дахиад хэлье. Батганы шалтгаан нь бэлгийн даавартай холбоотой тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжил. Үүнийг сэдрээдэг хүчин зүйл нь хеликобактер байж болно. Шалтгаан нь огт биш. Сэдрээх фактор нь болохоос биш жинхэнэ шалтгаан нь бэлгийн бойжилтын үед даавруудын үйл ажиллагааны идэвхжилээс болоод батгашил бий болдо. Гэтэл зарим хүмүүс яагаад батгашихгүй зарим нь яагаад батгашаад байна вэ.  Энэ нь эцэг эхийн удамшлын онцлог, хоол хүнсний хэрэглээ, удаан хугацаагаар нойргүй явах, исгэлэн халуун ногоотой хоол, газтай ундаа тогтмол хэрэглэхтэй холбоотой. 

Шинжилгээг ямар аргаар хэрхэн хийдэг вэ?

-Шинжилгээнүүдийг бол эмч сонгоно. Батгашилт дааврын үйл ажиллагааны циклүүдтэй холбоотой уялдаж гарч ирдэг. Тийм учраас эмч дааврын шинжилгээг өгөх үү, тосны булчирхайн үйл ажиллагааг хянах уу, тос багасгах эмчилгээнд орох уу, амралт нойр хоолыг нь зохицуулах уу гэх мэтээр өвчний хүнд хөнгөний зэргээсээ шалтгаалаад сонголт хийдэг.

Ярилцсанд баярлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.