Монголчуудын хамгийн их зорьж хөдөлмөр эрхэлдэг орон бол Өмнөд Солонгос. Тус улсад Монгол улсын иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол их байдгаас визний хатуу чанга дүрэм мөрдөх болон хил дээрээс буцаагдах явдал нийтлэг гардаг. Тэгвэл сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээр Монгол иргэд Өмнөд Солонгос улсад гэмт хэрэгт холбогдох тохиолдол 10 хувиар буурчээ.
Энэ талаар хоёр улсын Консулын 10 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтан дээр танилцуулсан байна. Гадаад харилцааны яамны дэд сайд Батмөнхийн Батцэцэг, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан дэд сайд И Сан Жин нар мягмар гарагт болсон зөвлөлдөх уулзалтыг даргалжээ.
Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр тал хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад тулгамдаж буй нийгмийн асуудал, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, тухайлбал манай улсын иргэд БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд мөнгөн хэлбэрээр барьцаа байршуулж байгаа асуудлыг эргэн харах, виз авсан хэдий ч хил дээрээс буцаагдах зэрэг асуудлыг шийдвэрлэх, манай улсын иргэд БНСУ-д визийн хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин суух явдлыг бууруулах зэрэг асуудлыг хөндөж ярилцав.
Харин Солонгосын талаас Монгол улсад байгаа солонгос иргэдийн визний хугацааг сунгах хүсэлт тавьсан байна. Өмнөд Солонгосын иргэд манай улсад 3-6 сар байрлах зөвшөөрөлтэй байдгийг хэт богино гэж үзжээ. Монголын тал хүсэлтийг хүлээж авч, энэ талаар нухацтай авч хэлэлцэхээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.yonhap.com, www.mfa.gov.mn