УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох улс төрийн намууд намын жагсаалтаар 48 хүнийг нэр дэвшүүлэх хуулийн зохицуулалттай. МАН, АН-ын удирдлагууд эмч, багш, инженер, эрдэмтэн судлаач, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг намын жагсаалтаар нэр дэвшүүлэхээ эртнээс мэдэгдсэн.
Иймдээ ч намуудын дарга нараас бусад нам, улс төрийн өндөр дээд албан тушаалтнууд тойрогт нэр дэвших товтой байна. МАН-ын хувьд, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарыг тойрогт нэр дэвшихийг намын удирдлагууд нь чиглэл болгосон аж. Иймдээ ч дээрх хоёр эрхэм УИХ-ын I дүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгорт ажиллаж, уулзалтууд зохион байгуулж буй юм.
Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хоёрын аль нэг нь намын жагсаалтад орох магадлал өндөр байгаа аж.
Сонгуулийн I дүгээр тойрогт МАН-аас нэр дэвших хүсэлтээ намынхаа Удирдах зөвлөлд 13 хүн өгчээ. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшадар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Ганболд, С.Чинзориг, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, УИХ-ын МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, МАН-ын бүлгийн зөвлөх Б.Энхтүвшин нарын 13 хүн нэр дэвшихээ илэрхийлсэн.
Эднээс намын жагсаалтаар нэр дэвших магадлал өндөртэй нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн аж. Тэрээр УИХ-д хоёр удаа сонгогдохдоо зургаан жил нь бүлгийн даргаар ажиллаж буй. Олонхын бүлгийг эв найрамдалтай авч яваа хэмээн жагсаалтад орох болзлоо хангасан гэж эх сурвалж мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.