Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн ус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ.
Харин орон нутгийн шүүх Засаг даргынхаа холбогдсон хэргийг шийдвэрлэж чадах, эсэх нь эргэлзээтэй. Ц.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан “Супрема бүтик лоджес” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэмээн буруутгаж буй юм. Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд А/129 дугаартай захирамж гаргаж, Сайнцагаан сумын төвийн VII багийн нутаг, тус аймаг дахь Цагдаагийн газрын дэргэд дээрх аж ахуйн нэгжид худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон байдаг.
Ингэснээрээ тухайн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон хэмээн Ц.Мөнхбатыг буруутгаж, Эрүүгийн хуулийн 22.1-3-ын “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.
Х.Баттулгыг Төрийн тэргүүн байхад “Супрема бүтик лоджес” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир 2021 онд бүртгүүлсэн баримт бий. Эл компани нь бас Увс аймагт зочид буудлын зориулалтаар 2000 ам метр газар авсан байдаг бөгөөд түүнд нь тус аймгийн Засаг дарга Ц.Чимэд тэргүүтэй албан тушаалтнууд давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар татагдсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.