Үндэсний үйлдвэрлэгч “Mongol Made” нэгдэл ноосон бүтээгдэхүүнээр олон улсад гарах болсонтой холбоотойгоор “Mongol Made” нэгдлийн Үүсгэн байгуулагч, М-Ойл группийн Гүйцэтгэх захирал Б.Пунсалмаатай ярилцлаа.
-Малын гаралтай бүтээгдэхүүнүүдээр “Mongol Made” дагнан ажиллах боллоо. Одоогоор ямар ажлууд хийгдчихээд байна вэ?
-Монгол Улс 70 гаруй сая мал сүрэгтэй. Жилд нийт малынхаа 20 орчим хувийг эргэлтэд оруулж хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд нийт бэлтгэж гаргасан малын ашиг шимийнхээ 50 орчим хувийг хүнсэндээ мах болгож, үлдсэн хэсгийг боловсруулах үйлдвэр дутмаг байдгаас болж маш багахан хэсгийг нь л бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа. Үлдсэн хэсэг болох толгой, шийр, өөх тос, арьс, ноос гээд бидэнд бүрэн боловсруулж чадахгүй байгаа маш их малын гаралтай бүтээгдэхүүнүүд байна. Энэ нь цаад утгаараа бид төдий хэмжээний хаягдал бий болгож байгаль дэлхийдээ халгаатай хандаж байна гэж ойлгож болно. Малын бэлчээрийн даац хэтэрчихсэн, цөлжилт нэлээд газар авчихсан, зарим нутгуудаар усны ундарга багассан энэ үед бэлчээрийнхээ даацыг хэтрүүлэн байж өсгөж авсан мал сүргээ ийм ихээр нь эргэлтэд оруулах мөртлөө тал хэсгийг нь байгальдаа эргүүлж хаяад байгааг бид гэрийн эзэгтэйтэй зүйрлэвэл мөнгөө үрэн үрэн дэлгүүрээс хоол хүнс авах мөртлөө талыг нь зүгээр л хогийн сав руугаа хаяж байгаатай адилтгаж болно. Гэтэл эзэгтэй маань 2 дахин бага зардал гаргаж үлдсэн нөөцөө хадгалж, ирээдүйдээ баялаг, хадгаламж ч үүсгэж болохтой ижил бид өнөөдөр бага зарцуулж, нөөцөө үр дүнтэй ашиглаж сурах нь нэгт эдийн засагт дэмтэй, хоёрт байгаль орчиндоо ээлтэй. Монголчууд малаас хаях юм байхгүй гэдэг ч яг үнэндээ өнөөдрийн байдлаар талыг нь хаяад байна. Энэ нь боловсруулах үйлдвэр дутмагийнх.
“Mongol Made” өнөөдрийн байдлаар малын хаягдал өөх тосыг боловсруулж ариутгал, ахуйн хэрэглээ, арьс арчилгааны 50 гаруй, малын сүү сааль, зэрлэг жимсээр хүнсний 10 орчим нийт 60 бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
-Ноосон бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд гарна гэсэн байсан. Ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-Дэлхий нийт синтетик хэрэглээнд хэт автаж, эргээд үүнээсээ залхаж, эрүүл органик юм хүсэж эхэлснийг бид харж байна. Органик бол одоо цагийн шинэ тансаглал. Монголчуудад энэ бол давуу тал. Монгол ноолуур дэлхийн 14 хувийг хангаж, нөөцөө 100 хувь ашиглаж байна. Гэтэл ноосоо бид бүрэн ашиглалгүй бараг л угаасан болоод урд хөршийнхний хэлсэн үнээр хил давуулчихаж байгаа нь хэтэрхий харамсалтай. Монгол ноолуурын нэр хүндээс хамааралтайгаар монгол ноосыг хүлээж авахад бэлэн дэлхийн том зах зээл бидэнд байна. Хоёрдугаарт, нэмүү өртөг бүтээж чадах үйлдвэрлэлээ дэмжиж байж эдийн засаг тэлнэ. Уул уурхай бол байгалийн шавхагдах нөөц. Үйлчилгээний салбарууд, дэлгүүр хоршоо, импортын бараа бол хасагдах нөөц. Харин үйлдвэрлэл бол эдийн засгийг жинхэнэ тэжээж байдаг шавхагдашгүй ундарга гэж үздэг. Тиймдээ ч Англичууд тэртээ 17, 18 дугаар зуунд нэмүү өртөг бүтээх ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадагш гаргана, түүхий ноосоо гаргахгүй гэдэг бодлого барин эдийн засгаа бэхжүүлж байсан. Бид ч гэсэн 21 дүгээр зуунд ноосоо угаагаад гаргаад байгаа нь дэндүү хөгжөөгүй хуучинсаг бодлого барьж байгааг харуулж байна. Бид одоо угаасан ноос биш эцсийн бүтээгдэхнүүийг ихээр үйлдвэрлэж, ихээр гаргах хэрэгтэй байна. Энэ цаг үеийн шаардлагаар бид ноосны салбар луу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлохоор гараанаас гарч байна.
-Танай ноосон бүтээгдэхүүнүүдийн дизайныг францууд урлана гэсэн. Француудтай хамтрах болсон шалтгааныг тань сонсмоор байна?
-Хүнд юу байна түүгээрээ дайл гэдэг дээ. Бидэнд байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд байгаа бол дэлхийн хөгжингүй орнуудад нөүхау, технологи байна. Хөгжил гэдгийг хойноос нь хөөж амжихгүй харин урдаас нь амдаж барьж авдаг зүйл. Тэгэхээр органик, байгалийн цэвэр түүхий эд гэсэн ховор баялгаа дэлхийд тэргүүлэх загварын эх орон болох Францын дизайнтай хоршуулснаар бид олон улсын зах зээлд өөрсдийгөө тайлбарлаж ойлгуулж чадна. Тийм болохоор язгуурын энэ хэрэглээнүүд маань орчин цагийн технологи шингээн органик байдлаа алдалгүйгээр одоо цагийн хэрэглээнд уусан хэрэглэгдэх нь чухал учраас бид франц хамтралыг сонгосон. Тэд бол дэлхийн шилдэг брэндүүдийн дизайныг урладаг Messieurs агентлаг.
-Мал аж ахуйн салбарт тогтвортой байдал тун чухал. Танай ханган нийлүүлэгчид тогтвортой байж чадаж байна уу?
-Тогтвортой байдал гэдэг бол юу юунаас ч чухал зүйл. Аливаа зүйл их багадаа биш тогтвортой байхдаа л хамаг утга учир, үнэ цэн нь оршдог гэж би боддог. Ноос ноолуураа тушаах хэмжээ, хугацаа, үнэ нь тогтвортой байх хэрэгтэй. Гэрээ зурагдсан л бол үнэ нь өөрчлөгдөггүй, чанар нь буурдаггүй, хугацаа нь нааш цааш болдоггүй, амласан зүйлсээ ханган нийлүүлнэ гэдэг кластерийн бизнес, хамтын үйлдвэрлэлд амин сүнс нь байдаг. За овоо ихээр аваад ирлээ одоо манайх үнээ өсгөлөө гэвэл дараа дараачийн процесстоо их адармаатай нөлөөлдөг зүйлс. Тийм учраас тогтвортой байдлыг бид эрхэмлэдэг. Олон талт хамтын оролцооноос эцсийн нэг үр дүн гардаг учраас аль нэг хэсэгтээ гацах нь үр дүнд ихээхэн нөлөөлдөг зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй болдог юм.
“Mongol Made” нийгмийн үнэ цэнийг чухалчилдаг. Одоогийн байдлаар та бүхний бодитой бүтээсэн нийгмийн үнэ цэн юу вэ? Бизнес талаасаа ашиг өгч эхэлсэн үү?
-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэгтэй агаар нэг эерэг нөлөө манай дээр ажиглагдсан. Өөх тос, саван, сааль гээд гүйж явах хооронд маш олон тооны өөх тосны жижиг том үйлдвэрүүд ашиглалтад орж, хаягдаад байсан өөх тоснуудаа цэвэршүүлээд хүнсний болон савангийн түүхий эд болгон үйлдвэрлэж эхэлсэн байсан.
Одоо та Эмээлт дээр очоод хаягдал өөх тос байна уу гэвэл өөхөө хаях хүнгүй болсон гэх болов уу гэж бодож байна. Сэдэл өгч нөлөөлсөн гэвэл зохилтой байх. Түүнээс биш бид тэр их өөх тосыг нь аваад хаягдал байхгүй болгочихсон зүйл бол биш.
Манай савангийн үйлдвэрлэл бидний зорьсон түвшингийн 30 хувьд л явж байна. Өнөөдөр бид 1000 ээжийг ажилтай болгож амжаагүй л явна. Яагаад гэвэл манай үйлдвэрлэсэн савангууд маань агуулах дүүрэн өрөөтэй байна. Хэрэглэгчид маань хэр чинээгээрээ биднийг дэмжин худалдан авч байгаа. Гэвч бидний үйлдвэрлэж байгаа хэмжээ маань борлуулж чадах хэмжээнээсээ дандаа давсан байдалтай буюу хүмүүсийнхээ ажлын хөлсийг борлуулалт маань гүйцэхгүй түвшинд явж байна. Хугацаа бидэнд хэрэгтэй байна. Томоохон үйлдвэрүүд, төрийн байгууллагууд эхнээсээ монгол савангаа авч эхэлж байгаа нь сайн дохио. Манай савангийн төслийг төрийн худалдан авалтын багахан дэмжлэг гэрлийн хурдаар өсгөнө. 1000 ээж хэдхэн сарын дотор ажилтай болчих ийм сүлжээг бид өнгөрсөн 3 жилд угсарлаа. Бид зорьсондоо хүрэх бааз сууриа бүрдүүлж бүрэн чадсан. Цагт 3 мянган саван үйлдвэрлэх автомат үйлдвэр, дүүрэг бүрд, дөрвөн аймагт гар аргаар үйлдвэрлэх савангийн цехүүд байна. 2021 онд бид 1000 төгрөгийн саван үйлдвэрлэж, 1000 эмэгтэйг ажлын байраар хангана гэсэн зорилт тавьсан. Бид 1000 төгрөг хүртэл савангийнхаа үнийг буулгаж чадсан, харин ажлын байрны тоог 1000 хүргэхээр зорьж явна.
М-Ойлын Гүйцэтгэх захирлын хувьд асуухад, шатахуун импортлох, ноос экспортлох хоёр хэр ялгаатай бизнес вэ?
-Шатахууны импорт гэдэг бол улс орны аюулгүй байдал, улсын нөөцтэй холбогддог томоохон чиг үүрэг бүхий онцгой салбар. Энэ бол улс орны эдийн засгийн цусны эргэлт. Бидэнд өвөл даарлаа, зун халууцлаа, шөнө алжаалаа, цар тахал боллоо гэж хэлэх эрх байхгүй бүх цаг үед бэлэн байх үүрэгтэй. Би өөрийн салбарынхнаараа бахархаж, та нар бол энх цагийн баатрууд шүү гэж хэлэх дуртай. Харин үйлдэрлэгчид бол өөр, тэд бол бүтээгчид. Дархан хүн бурхан ухаантай гэдэг шиг үйлдвэрлэгчид байнгын эрэл хайгуулж хийж шинэ юм бүтээж байдаг. Өөрийн гараар хийж бүтээсэн зүйлээ өлгийдөн авна, түүнийг нь хүмүүс худалдан аваад магтах бол үнэхээр гайхамшигтай сайхан мэдрэмж байдаг даа. Тиймдээ ч би үйлдвэрлэгч, судлаач, эрдэмтэдтэй ярилцах их дуртай. Тэд нар хэзээ ч хөөсөрч хийсвэр зүйл ярьдаггүй, яг л бодит алхамтай, дараалалтай, үр дүнтэй зүйлийг өгүүлж байдаг нь их үнэ цэнтэй санагддаг.
Эрдэмтдийн үгийг нэлээд сонсож байгаа харагддаг?
-Чаддаг ажлыг нь чаддаг хүнээр нь хийлгэх нь миний зарчим. Заавал бүх зүйлийг өөрөө болгох гээд хугацаа алдаад байх шаардлагагүй. Бид ХААИС болон салбар сургуулиудтай нь хамтран эрдэм шинжилгээний бүтээл, судалгаануудыг нь үйлдвэрлэлд шилжүүлж, хөдөө аж ахуйн чиглэлээр бэлтгэсэн боловсон хүчнийг нь ажлын байраар хангах санамж бичиг 2021 онд байгуулсан. Монгол Улс хөгжиж байгаа орон, бидэнд нарийн мэргэжлийн, өндөр түвшний олон боловсон хүчин, оюунлаг иргэд байж бид хөгжинө. Нөгөө талаар нарийн мэргэжлийн боловсон хүчин сургуулиа төгсөхөд ажлын байр нь бэлэн байх ёстой. Хэрэв тэр мэргэжлээр нь ажлын байр байхгүй бол гадаад явж мэргэжлээрээ ажиллах шаардлага үүсэж, бид нарийн мэргэжилтнээ алдах эрсдэлтэй.
Эрдэмтдийн олон жилийн бүтээл, судалгааг нэг өрөөний буланд цоожлоод орхих биш хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэлийн шугаманд оруулах нь олон хүнд өгөөжтэй буянтай ажил гэдэгт би итгэдэг. Энэ ажилдаа ч дуртай байгаа учраас эрдэмтдийг байнга түшдэг. Ирэх сард мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх тал дээр эрдэмтдийн хурал зохион байгуулна.
Та дэвших үү?
-Яг тэгнэ ингэнэ гэсэн эцсийн шийд хараахан гараагүй байна. 100 хувь надаас хамаарах асуудал биш учраас удахгүй тодорхой болох байх. Хийсэн бүтээсэн зүйлээ хэлж ярьж, хийж бүтээх ажлуудаа ураглшуулж л байя.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.