СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-26

Малчдыг дэмжсэн хуулийн цогц орчинг бүрдүүлэхийг хүслээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Дамдинням тэргүүтэй төвийн бүсээс сонгогдсон гишүүд орон нутагт хийх уулзалтаа үргэлжлүүлж байна. Тодруулбал, энэ долоо хоногийн мягмар гаригт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгон, Улсын тэргүүний Баянгол сумын ард иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсохын сацуу УИХ-д хийж хэрэгжүүлсэн ажил, бүсчилсэн хөгжлийн бодлогыг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням малчид, мал аж ахуйн салбарыг дэмжих цогц хууль болох Малчны тухай хууль, Малчин өрхийн холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн талаар шаардлагатай мэдээллийг өглөө. Ялангуяа, Засгийн газраас хэрэгжүүлж буй малчны “Шинэ хоршоо” хөдөлгөөн уулзалтад оролцогчдын сонирхолыг ихээр татаж байсан тул дэлгэрэнгүй танилцууллаа.

Малчид байгалийн бэрхшээлийг хохиролгүй давах, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд гол зорилгоо чиглүүлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь малчдад үзүүлж буй төрийн чухал дэмжлэг болох хүлээлттэй байна. Ойр орчим нутагладаг есөөс дээш малчин өрх нэгдэж хоршоо байгуулна. Улмаар тулгарч буй бэрхшээлээ хамтран хэлэлцэж, өөрсдийн давуу боломж дээрээ тулгуурлан орлогоо өсгөх, эрсдлээ бууруулахад хамтран ажиллана. Тухайлбал, хоршоо ашиг шим өндөртэй үүлдэрийн малаар онцгойрч, мах бэлтгэлийн чиглэлээр нэгдэн ажиллах боломжтой. Малчид малын гаралтай түүхий эд, мал, махныхаа 70 гаруй хувийг ченжүүдэд өгдөг гэсэн судалгаа бий. Ченж хэмээх дундын борлуулагч орж ирсэнээр малчин махаа хямд өгдөг, харин худалдан авагч дээр үнэтэй очдог гаж гэмээр тогтолцоо бий болсон. Тэгвэл малчид нэгдэн нийлснээр хэрэглэгч нартайгаа шууд харьцаж, бизнесийн зарчмаар ажиллах боломж бүрдэх юм.

Мэдээж энэ бүхэнд санхүүгийн дэмжлэг онцгой чухал. Хоршоонд нэгдсэн малчин 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй 50 хүртэл сая төгрөгийн зээлийг авах боломжтой. Хоршооны гишүүн бүр ийм хэмжээний зээл авснаар төлөвлөсөн үр дүндээ хүрэх хэмжээний санхүүгийн нөөцийг төвлөрүүлж чадах юм. Өнөөгийн байдлаар манай улсад зургаан хувь гэдэг маш бага хүү юм.

Уулзалтад оролцсон Хэрх тосгон, Баянгол сумын иргэд малчдыг дэмжсэн эрхзүйн цогц орчин бүрдэж, хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Монгол Улсад 300 мянга шахам малчин 64 сая гаруй толгой мал маллаж, улс орны эдийн засгийн нэгэн чухал тулгуур багана болж байна. Гэвч цас зудын гамшгаас болж хотоо харлуулж, тогтвортой орлогогүй болох эрсдэл нэмэгдсээр байгаа нь санаа зовоох болсон. Ийм учраас уулзалтад оролцсон иргэд төрд төлөөлж явуулсан гишүүдээс малчид, мал аж ахуйн салбарыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн эрхзүйн орчинг хэрхэн бүрдүүлсэн тухай “шалгалт” авсан юм.

Дашрамд дурдахад, байгалийн үзэсгэлэн бүрдэж, жимс жимсгэнэ, ан амьтнаараа гайхагдсан Хэрх тосгоны айл болгон хүнсний ногоо тариалдаг хөдөлмөрч хүмүүс аж. Мөн “Улсын тэргүүний” хэмээх тодорхойлолтоос Баянгол сумын иргэдийг хэр бүтээлч, хөдөлмөрч болохыг харж болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.