Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.
2023 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ сараас яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй эл хэрэгт шүүгч нар ихэд нөлөөлж байгаа бололтой. Сүхбаатар аймгийн удирдлага нь өөрсдийн болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн садан төрлийн хүнд давуу байдал олгосон, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөл бүрдүүлсний хариуд нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгө хахуульд авсан, тендерт хамаарал бүхий компаниа шалгаруулсан, орон нутагт нь үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн аж ахуйн нэгжээс өөртөө болон төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудад давуу байдал олгуулсан гэх зэрэг үйлдэлд буруутгаж буй билээ.
Тиймээс Сүхбаатар аймгийн удирдлагыг цагдан хорьж шалгах санал өгч прокурор, мөрдөх байгууллагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүний ерөнхий шүүгчид гаргасан ч хүлээн аваагүй. Арга ядсан прокурор, мөрдөх байгууллагынхан М.Идэрбат, Д.Хосбаяр, Э.Төгөлдөр нарыг албан үүргээ хэрэгжүүлэхийг түдгэлзүүлэх санал дахиад мөнөөх шүүхэд хүргүүлсэн ч бас л хүлээж авалгүй, яллагдагч нарыг хоорондоо уулзахгүй байх, хилээр гарахыг хязгаарлаад өнгөрч. Уг нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөрсдийн хууль бус үйлдлүүдийг хаацайлах элдэв бичиг, баримт үйлдэж болзошгүй гэж үзсэнээс прокурор, мөрдөх байгууллагынхан дээрх саналыг шүүхэд хүргүүлсэн юм билээ.
Прокурор, мөрдөгчдийн саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, ерөнхий шүүгч нь хүлээж аваагүй нь магадгүй шүүгч нар бие биенийхээ нөлөөнд орсон байж болзошгүйтэй холбож үзэх хардлага бий. Учир нь Д.Хосбаярын эхнэр нь тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилладаг бөгөөд энэ нь нөлөөлж байж болзошгүй гэж хардах үндэслэл юм билээ. Шүүгч өөрийн итгэл үнэмшлээр шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэртэй нь холбогдуулж шалгах ёсгүй учраас тэд дураараа аашилж байна гэх нь ч бий.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид сахилгын хэрэг үүсгэх үү
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, ерөнхий шүүгч таслан сэргийлэх арга хэмжээтэй нь холбоотой өөр нэгэн мэдээлэл хүргэе. Өдгөө энэ гомдлын дагуу Шүүхийн сахилгын хороонд хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн байна. АТҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан, улсын арслан Хайдавын хүү Баярхүү, Увс аймаг дахь АТҮТ-ийн салбарын дарга У.Золбоо нарыг “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгаж, Өмнөговь аймагт байсан хүнд даацын 300 гаруй тээврийн хэрэгслийг Увс аймагт үзлэгт оруулж тэнцсэн гэж баримт бүрдүүлж, давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар татаж, хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.
Тодруулбал, “Сантээвэр групп” ХХК-ийн эзэмшлийн 110 автомашин, 112 чиргүүл, “Ульгансар транс” ХХК-ийн эзэмшлийн 100 автомашин, мөн тооны чиргүүл, “Тэнгри транс”, “Баянговь транс” ХХК-ийн эзэмшлийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын улсын үзлэгт оруулахгүйгээр “Тэнцсэн” хэмээн хуурамч мэдээлэл сандаа оруулж, бусдад давуу байдал бий болгосон байдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Баярхүүгийн хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилчихсөн аж. Энэ шийдвэр нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзээд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид сахилгын арга хэмжээ авхуулахаар Сахилгын хороонд нь гомдол гаргасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мэдээж шүү дээ! Хонгилын шүүгчид эзнийхээ өгсөн командыг л биелүүлж байна. Юун шүүгч шүүгчдээ нөлөөлөх ккк.Эзэн болоод эд нар аль намынх билээ?