Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй.
Тухайлбал, Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд дээрх дөрвөн байршилд баригдах нүхэн гарцаас хамгийн том нь юм. Мөн нүхэн гарцад борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулна.
Уг нүхэн гарцын ажлын явцын талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн инженер Я.Өнөртүвшин мэдээлэл өгөв. Тэрбээр "Уг бүтээн байгуулалт нь ажлын зураг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулж өгөх гэрээний нөхцөлтэйгөөр хийгдэж байна. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа. Түр барилга байгууламжийн ажил 2023 оны наймдугаар сард эхэлж, одоогоор төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил дуусах шатандаа явж байна. Энэ удаагийн нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр угсралтын ажлыг үргэлжлүүлдэг технологи ашиглаж байна” гэв.
Уг нүхэн гарцын хөдөлгөөнийг ирэх 6 дугаар сард нээхээр төлөвлөж байна. Ингэснээр авто замын түгжрэл 10.5 хувиар буурах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.