УИХ-ын чуулганы хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Энэ хууль найман жил яригдсан. Дараагийн парламент гарахаас өмнө гуравхан сарын өмнө малчдад чихэр долоолгох хэрэггүй. Энэ хууль малчдад нэмэр болохоосоо илүүтэйгээр нэрмээс болно. Зүүн аймагт хаваржилт үнэхээр хүнд байна. Эрх баригчид малчдадаа шаардлагатай арга хэмжээ аваагүй гор ингэж л гарлаа. Малчид гамшгийн хохирлыг нэг удаа төлөөд өг. Мөн мах, түүхий эдийн үнийг хог болгохгүй болгоод өг л гэж хүсэж байгаа шүү дээ. Энэ хуулийн төслөө татаж авсан нь дээр дээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Энэ хуулийн төсөл нь малчдын чинээлэг болгох боломжтой гэхээр УИХ-ын гишүүд уурлаад байх юм. Яагаад малчид дундаж давхрыг төлөөлж болохгүй юм бэ? Засгийн газраас малчдадаа чиглэсэн бодлого хэрэгжүүлсээр байгаа.
Нэгдүгээрт хэрэглээний зээлийг нэг жилээр хойшлуулж, хуримтлагдсан хүүгийн 75 хувийг татварын мөнгөнөөс өгнө. Мал нь хорогдсон малчдыг малжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Улсын төсөвт 22 тэрбум төгрөг батлагдсан байгаа. Гуравдугаарт мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан байгаа. Дундаж малчны сарын орлого 1.5 сая төгрөг байгаа бол зарлага нь 2.1 сая байна. Мал дээр удаан амьдрах тусам ядуурч байна. Иймд 3-5 жилийн хугацаатай жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлийг өгье гэж байгаа. Малчид маань нийлж нэгдэж хоршоо болж анхан шатны боловсруулалт хийдэг. Мах нядалгааны цехтэй арьс шир анхан шатны боловсруулалтыг хийдэг болох юм.
2025 оны нэгдүгээр сарын нэгнээс гар аргаар нядалсан махыг зах зээлд нэвтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалт хийгдсэн. Тэр үеэс мал нядалгааны үйлдвэрүүд оочирт автана. Иймд анхан шатны махны нядалгааны цех, сүүний анхан шатны үйлдвэр, мал үржлийн анхан шатны хоршоотой байх үүднээс шинэ хоршоо хөтөлбөрийг санаачилсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.