Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангайн заагт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” компанийн гүйцэтгэх удирдлагад холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор хүрээлэн буй орчны эсрэг 11 хэрэг багтсан. Мөн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 84, өмчлөх эрхийн эсрэг 73, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50, авлига, албан тушаалын зургаа, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо, хүний амьд явах эрхийн эсрэг тав, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Тэдгээрийн дотор хэдэн жилийн өмнө “Эко алтан заамар” нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд “Бүрдэл майнинг” гэх болсон аж ахуйн нэгжийн удирдлагын үйлдэл багтсан юм. ЭЦА-ныхан уржигдар албадан саатуулсан “Баян” хэмээх Р.Базарын хамаарал бүхий, алт олборлодог эл аж ахуйн нэгж ямар хэрэгт холбогдсоныг хүргэе. “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн дарга В.Банзрагч, гүйцэтгэх захирал У.Угтахтай хамтарч тусгай зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрүүлэн орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг техник хэрэгслийн хүчээр ухаж, ашигт малтмал олборлосон аж. Үүний улмаас Төв аймгийн Заамар сумын орон нутгийн тусгай хэрэгцээний 7.18 га талбай эвдэгдэж, байгаль орчинд 1.6 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан байна. Уг хэргийг Экологийн цагдаагийн албанд шалгаж, Төв аймгийн Прокурорын газраас У.Угтах, В.Банзрагч нарт Эрүүгийн хуулийн 24.2-1, 24.2-3 дахь хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.
Ташрамд уржигдар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүрдэл майнинг”, “Алтайн хүдэр” ХХК, Тээвэр, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Р.Базар, “Алтайн хүдэр”-ийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг албадан саатуулсан хэргийн талаарх мэдээллийг хүргэе.
Тус газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун “Нэр бүхий хүмүүс эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөөр “Кредит” болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж мөнгө угаасан байж болзошгүй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас 2023 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд гадаадын цахим мөрийтэй тоглоомд бусдаар бооцоо тавиулж их хэмжээний мөнгөө алдсан гэх шалтгаанаар биед нь халдаж, зорчих эрхийг нь хууль бусаар хязгаарлан заналхийлсэн зэрэг хэрэгт холбогдуулан “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” зэрэг нийт 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют зэргийг хураан авсан. Дээрх хэргүүдэд холбогдуулан шалгаж буй нэр бүхий гурван иргэнийг дөрөвдүгээр сарын 15-нд 48 цагийн хугацаатай баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэсэн мэдээлэл өчигдөр өгөв. Р.Базар, В.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэрэгт нийслэлийн болон Баянгол дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж буй аж. Тэднийг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих, эсэхийг өнөөдөр шүүх шийдвэрлэнэ гэдгийг эх сурвалжууд хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.