Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас 60 гаруй хүүхэд, гурван том хүн хордож, эмнэлэгийн тусламж авсан.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна" гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 10:43 цагт ирснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар тус сургуулийн сурагч биедээ авч явсан "Нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовуурьтайгаар эмнэлгийн байгууллагын тусламж аваад байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Түүнчлэн нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчийг Цагдаагийн албаны тухай хуульд тусгай хэрэгсэл гэж хуульчилсан бөгөөд цагдаагийн алба хаагчид хэрхэн биедээ авч явж, хэрэглэх талаар маш тодорхой зохицуулсан байдаг. Мөн гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хуулийнхаа хүрээнд хэрэглэж байна. Жирийн иргэд биедээ авч явахыг зохицуулсан зохицуулалтгүй. Дээрх бүртгэгдсэн мэдээллийн хувьд яг энэ байдлыг тодруулахаар олон талт ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлдэг гэх мэдээллийг ЦЕГ-аас өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.