Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий дөрвөн этгээдийг мөнгө угаах замаар хууль бус хэрэг үйлдсэн шалтгаанаар өчигдөр /2024.04.16/ 48 цагийн хугацаатай саатуулсан. Яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт өгсөн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун:
-Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгаж байгаа хоёр хэргийн хүрээнд ажиллагаа явуулсан.
Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй.
Хоёрдугаарт, нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэд Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк болон иргэдийн орон байр зэрэг арван объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан.
Бусдын захиалгаар нэр бүхий этгээдүүд нь "Алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.
Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий дөрвөн иргэнийг өчигдөр баривчилж, хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг цагдан хорихоор 461 дүгээр хорих ангид хүргэсэн. Эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Өнөөдөр үргэлжлүүлэн саатуулах эсэх шийдвэр гарна.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй гэдэг дээр мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг шалгаж байна. Нийт хэдэн төгрөг хурааж авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй.
Мөн, "Ачит ихт" компанитай холбоотой татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэж дөрөвдүгээр сарын 12-нд шалгасан. Компани болон хамаарал бүхий 11 обьектод нэгжлэг хийж, 940 гаруй боть санхүүгийн баримт, их хэмжээний мөнгө хураан авсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.