Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын VIII их хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавилаа. Илтгэлийнхээ эхэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулав.
Засгийн газар нүүрсний хулгайг ил болгож, нүүрсийг биржээр арилжаалж, цахимжилт, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт эерэг үр дүн гарч байна. 2022 онд ДНБ 53.9 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон, экспортын орлого 2022 онд 12.5 тэрбум доллар байсан бол 2023 онд 15.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн, валютын нөөц анх удаагаа таван тэрбум ам.долларт хүрсэн. Засгийн газар өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийг төлсөн зэргийг Ерөнхий сайд онцлов.
Мөн дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой учраас Засгийн газар боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарч байна. Баклаврын сургалтын тодорхой шаардлагыг хангасан багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 100 хувь, багшийн мэргэжлээр ажлын болон ур чадварын шаардлага хангасан багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь, 15-аас дээш жил ажилласан багшийн хүүхэд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа бол төлбөрийг төр 100 хувь хариуцна.
Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийж байна. 2020-2024 онд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулж цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж, сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг халсан. Багшийн сургалтын тэтгэлгийг эхлүүлж, 5000 багшид олгох юм байна. Багш нарын англи хэлний мэдлэгийг сайжруулахад онцгойлон анхаарна. Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой гэдгийг тэмдэглэлээ. Цаашид боловсрол Баялгийн сантай холбогдоно. Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгө эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, баялгийн сангаас үүссэн хуримтлалын нэг хэсэг боловсролын салбарын шинэчлэл, инновац технологи болон хүний хөгжилд зарцуулагдана гэлээ.
Багш нарын VIII их хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш, оюутнуудад тэтгэлэг гардуулав.
Монголын багш нарын их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 1200 багш оролцож байна. Өнөөдөр багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
багш нар чинь заах арга байхгүйгаас хүүхдүүд маш хохирч байна. 5-р анги хүртлээ ангийн гуравны хоёр нь уншиж чадахгүй байна гэдэг.