СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төсөл боловсруулж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
7 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцлоо. Уулзалтад оролцсон 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл барилгын салбарын хууль эрх зүй, норм, дүрэм, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөлт, дэд бүтэц болон өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаа уламжилсан юм.

 

“Цагаан хуаран” ХХК-ийн ерөнхий инженер н.Оюунбаатар:

-Уулзалтыг зохион байгуулж байгаад баярлалаа. Хот анх удаа хуульч даргатай болсон учраас хотын эрх зүйн байдал нэг шат ахих байх гэж бодож байна. Манай компани дахин төлөвлөлтөд орсон гэр хороолол орчимд орон сууц барьдаг. Бидэнд тулгамдаж буй асуудлын нэг бол цахилгааны асуудал. Биднийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Дулааныг шийдэж өгөөд, цахилгааныг шийдэж өгдөггүй. Үүнийг бид шалтаг гэж харалгүй орон сууцаа ашиглалтад оруулж байна.

 

Авто замын инженер Н.Нуганцэцэг:

-Барилгын компаниуд усны хаялгын төлөвлөлтийг үргэлж зам руу гаргаж байна. Барилгын салбарынхан шүүрүүлэх худаг гэдэг зүйлийг одоо хэрэглэх цаг болсон. Миний мэдэхээр “Blue Sky" тауэр зургаан шүүрүүлэх худагтай. Одоо нэг орон сууцны хороолол шүүрүүлэх худгийг ашиглах гэж байгаа. Хотоос заавал энэ шүүрүүлэх худгийг ашиглахыг үүрэг болгож болох уу? Үүнийг бүх аж ахуйн нэгж хэрэглэдэг болчихвол авто зам, явган хүний зам цас, бороотой үед усанд автахгүй болно.

 

“Энгүүн хүслэн” ХХК-ийн төлөөлөл Н.Тамир:

-Манайх барилгын хөрсний усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын компаниуд сууриа тавихдаа ус тусгаарлагчийг норм, дүрмийнх нь дагуу хийх хэрэгтэй. Үүнээс болоод барилгын чанар, насжилтад нөлөөлж байна гэв.

 

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Арцат, Зайсан, Бага тэнгэрийн аманд хууль бусаар газар олгосон, олгосон газрыг барилгын компаниудад зарсан асуудал бий. Энд баригдсан орон сууц, барилга улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Энэ нь өөрөө эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төслийг ирэх хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянга орчим айлын орон сууц барина. Уг хоёр байршилд газар чөлөөлж байна. Барилгын компаниудтай уян хатан байдлаар тохиролцоно. Ирэх долоо хоногт уг асуудлаар барилгын компаниудын төлөөлөлтэй дахин уулзалт зохион байгуулна” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 сарын өмнө
59.153.114.187

Дархан цаазат газарт хууль бусаар олгосон газрыг хууль ёсны болгож өгөх нь ээ, ингэж болдог юм уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.