СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-11

О.Батнайрамдал: БЗС-гаас зээл авч чадалгүй сургуулиа хаяж, ирээдүйгээ луйвардуулсан залуусын өмнөөс би дуугарсан

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Харвардын О.Батнайрамдал. Зарим нь түүнийг Уул уурхай хөнгөн үйлдвэрийн дэд сайдын алба хашиж байснаар нь мэдэх биз ээ. Боловсролын зээлийн сангийн асуудлаар өнгөрсөн оны тавдугаар сараас хойш шүгэл үлээж буй түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та Боловсролын зээлийн сан (БЗС)-гаас зээл хүсэж, шалгалтад ороод тэнцээгүй түүхтэй. Харвардад тэнцээд урилга авчихсан хүн Монголын Боловсролын сангийн зээлийн шалгаруулалтад тэнцээгүй байна гэхээр сонин л юм?

 -Ерөөсөө ийм л урвуу хамаарал байгаа байхгүй юу.  Дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг хангаад тэнцчихсэн атлаа, Боловсролын зээлийн сангийн нэг жижигхэн ярилцлагад уначихсан. Энгийн ардын хүүхэд дэлхийн шилдэг сургуульд тэнцэхэд Монголд хэн ч үнэлээгүй. Харин тэр үед БШУ-ны сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөрийн охин нэгт жагссан байгаа юм. Сайдын охин болохоороо нэгт жагсаж байгаа байхгүй юу. Үүнийг би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Өөрийнхөө хүүхдийг нэгт жагсааж байгаад, өөрөө гарын үсэг зураад хувийн данс руу нь зээл өгчихсөнийг ёс зүйн хувьд хэн ч хүлээн зөвшөөрч болохгүй.

За яах вэ океу, сайдын хүүхэд мундаг болохоороо өөрийн хүчээр БЗС-аас зээл авсан байлаа гэж бодъё. Тэгвэл Л.Гантөмөрийн Хулан хоёр ижил нэхэмжлэл явуулж, дөрвөн удаагийн гүйлгээгээр 151.197 ам.доллар авсан юм. Нэг нэхэмжлэлээр хоёр гүйлгээ хийнэ гэдэг чинь хууль бус шүү дээ. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. "Гантөмөрийн Хулан журмын бус гүйлгээ хийсэн" гэж аудит дүгнэлт бичсэн байна лээ. 

-Сургалтын төлбөрийг хувийн данс руу нь хийхгүй хаашаа хийх юм гэж асууж магадгүй. Сургуулийнх нь данс руу хийх ёстой биз дээ, уг нь?

-Тийм. Сургуулийнх нь данс руу хийх ёстой. Хувийн данс руу хэзээ ч хийж болохгүй. Тийм болохоор үүнийг ярихаас өөр аргагүй нь.

-О.Батнайрамдал АН-ын дарга Л.Гантөмөрийг л онцолж яриад байгаа цаад шалтгаан нь юу юм?

-АН-ын дарга байх нь надад ямар хамаатай юм. Ямар ч хамаагүй. Яг ухаад үзэхээр БЗС-аас зээл авсан хүмүүсийн 90 хувь нь ямар нэгэн сайд дарга, өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойрхон, том бизнесмений хүүхдүүд байгаа байхгүй юу. Яагаад Л.Гантөмөрийг цоллоод байна вэ гэхээр боловсролын сайдаар ажиллаж байхдаа БЗС-аас зээл авч суралцсан хүүхдүүдийн зээлийг төлүүлэлгүй, тэглэчихсэнд л байгаа юм. Ингэж болохгүй биз дээ. Жишээ нь чи Хаан банкнаас зээл авчхаад тэглүүлж байсан уу?

-Үгүй ээ.

-Тийм ойлголт байхгүй шүү дээ. Хүүтэй төлнө биз дээ. Хүүгүй, дутуу төлөх юм бол асуудалд орно.

-Шууд л Монголбанкны саарал жагсаалтад орно шүү дээ?

-Тэгнэ. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг хүүхдэд хэдэн зуун мянган доллар өгчхөөд "За яах вэ, би чөлөөлчихье" гээд тэглэчхэж болохгүй л байхгүй юу. Үүнийг эхлүүлсэн хүн нь Л.Гантөмөр. Тодруулаад хэлбэл, 900 гаруй хүн зээлээ тэглүүлснээс тал нь буюу 435 нь Л.Гантөмөрийг сайд байх үед тэглүүлсэн байгаа юм. Гэтэл эдгээрийн 90 гаруй хувь албан тушаалтны хүүхдүүд. Угтаа бол татвар төлөгчийн мөнгийг захиран зарцуулах эрх УИХ-д л бий. Энэ логикоор бол татвар төлөгчдийн мөнгийг зээлж авсан бол түүнийг нь хүчингүй болгох эрх УИХ-д л байгаа.  Гэтэл Боловсролын сайд нь дураараа шийдээд л... Энэ чинь хууль бус. Ямар ч шүүх дээр очоод унах л байхгүй юу.

-БЗС-ийн асуудал дээр Л.Гантөмөрийг онцолж яриад байгаа нэгдүгээр шалтгаан нь ийм байдаг юм байж. Тэгвэл хоёрдугаар шалтгаан нь?

-Хоёрдугаар шалтгаан нь миний кэйс байхгүй юу. Тухайн үед зээл аваагүй нь миний арчаагүйнх, мундаг ярьж чадаагүйнх гэж бодоод байсан юм. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн ачаар БЗС-аас зээл авсан хүмүүсийн мэдээлэл ил болж, тэрхүү мэдээллийн дататай танилцан дүгнэлт хийх боломж олдсон юм. Тэгж л би ганцаараа биш юм байна. Миний ард мянга мянган хүүхэд боловсролын боломжоо хулгайлуулчихсан юм байна гэж том зургаар нь харсан. Тэгэхээр энэ бол системийн гажуудал. Засахаас өөр аргагүй.

БЗС-ийн асуудлыг гаргаж ирснээс хойш сайд асан Л.Гантөмөр ер тайлбар хэлэхгүй байна л даа. Тайлбараа хэлээч ээ. Баахан зохион байгуулалттай сошиал дайралтууд л ирэх шив дээ. Нэг их улс төржихгүйгээр боловсролын зээлийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

-За, та БЗС-аас зээл авч чадаагүй ээ. Тэгэхээр Харвардын тэр их төлбөрийг хэрхэн төлсөн нь анхаарал татаж байна л даа.

-Харвард надад нийт сургалтын төлбөрийн 40 хувийг тэтгэлэг болгож өгсөн. Үлдсэийг нь би АНУ-аас зохицуулсан. Харвардад сурах гэж байгаа оюутнуудад АНУ-аас зээл авах олон суваг байдаг. Гэхдээ байна аа, БЗС-аас зээл авч чадалгүй сургуулиа хаясан бусад хүүхдүүд яах юм. . . Хувь тавиланг нь орвонгоор нь өөрчилж байна гэсэн үг байхгүй юу.

-БЗС-аас зээл авсан хүмүүсийн дотор, чөлөөлсөн хүмүүсийн дотор ч МАН-ынхан байгаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд дэд сайд байсны хувьд та магадгүй намынхнаа ярих ёстой байх.

-Энэ асуудалд нам ямар ч хамаагүй. Үе, үеийн сайд нар ямар тушаалаар, хэдэн хүний зээлийг тэглэсэн бэ гэдгийг нам харгалзахгүйгээр л гаргаж ирсэн шүү дээ. Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, Л.Цэдэвсүрэн, Л.Энх-Амгалан  гээд л...Одоохон тэд сонгуулиар ард түмнийхээ итгэлийг нь хүлээх гээд очно. Зээл тэглэлт, чөлөөлөлт бүгд хууль бус байсан. Тэгэхээр БЗС-аас  үр хүүхэд, ойр тойрны хүндээ ямар нэгэн байдлаар нөлөөлж зээл авсан бол тэр зээлээ тэглүүлсэн бол төл. Татвар төлөгчдийн мөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ хийж авсан нь үнэнээс хойш төл. Юу гэх гээд байна вэ гэхээр нэр дэвших гэж байгаа улс БЗС-тай холбоотой бол зээлээ төлж байж сонгуульд оролцоорой.

10 хүүхдийн боловсролын зээлийг тэглэнэ гэдэг дараагийн 10 хүүхдийн боломжийг хааж байна аа л гэсэн үг. Гэхдээ хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой юу, ёстой. Японд ч юм уу, Солонгост байсан бол ганцхан миний кэйс л сайд огцруулах хэмжээний асуудал болно. Монголд хэн ч хариуцлага хүлээхгүй байна. БЗС-гийн асуудлаас болж огцорсон, хариуцлага хүлээсэн нэг ч албан тушаалтан алга. Энэ л ард түмнийг бухимдуулаад байгаа юм. Энэ л намайг бухимдуулаад байгаа юм.

Том зургаар нь харсан чинь 360 орчим тэрбум төгрөг БЗС-аас олгосон байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөнөөс бараг 100 сая доллар боловсролын зээлд олгочихсон гэсэн үг. Түүнээс нийт 2-3 хувь нь л эргэн төлөгдсөн. 97, 98 хувь эргэн төлөгдөөгүй байгаа юм. Зээлээ эргэн төлнө гэдэг чинь уг нь дараагийн хүүхэд явах боломжийг нь олгоно гэсэн үг байхгүй юу.

-Боловсролын зээлийн санд танил тал, авлига, хээл хахуулийн систем тогтчихсон байна.  Үүнээс хэрхэн салах юм. Шийдэл байна уу?

-Уг нь бол маш энгийн. Шийдэл байхгүй биш, шийдэл дандаа байдаг. Шийдлийг хэрэгжүүлэх эр зориг, сэтгэл дутсан. Сонгон шалгаруулалтаас нь эхлээд бүх зүйлийг олон нийтийн нь өмнө хийх ёстой. Ердөө л энэ. Зээл горилогч олон олон залуус үүнийг хүсэж байгаа. Шударгаар тэнцээд явж байгаа бол юм ярихгүй ээ. Тэгэхээр шударга өрсөлдөөнийг бий болгож, асуудал гаргасан хүмүүст хариуцлага тооцох ёстой. Энэ хоёр л байхад БЗС-аас бид төсөөлшгүй үр дүн хүртэнэ.

Одоо 360 орчим тэрбум төгрөг олгосон байна. Татвар төлөгчдийн мөнгөнөөс бараг 100 сая доллар гэсэн үг. Түүнээс нийт эргэн төлөлтийг нь том зургаар нь аваад үзэх юм бол 2-3 хувь нь л төлөгдсөн. 97, 98 хувь эргэн төлөгдөөгүй гэсэн үг. Тэр мөнгө эргэн төлөгдөх юм бол дахиад хэдэн хүүхдийг бид гадагш нь явуулж сургах вэ. Хэчнээн том боловсон хүчин бэлдээд ирэх боломж байна. Тийм учраас л зээлээ эргэн төл гээд байгаа юм.

БЗС-аас гадаадын зээл, дотоодын зээл авч болдог. Авсан хүний тоогоороо бол дотоодын зээл нь хамаагүй том. Бараг сая давсан хүүхдүүд авсан байдаг. Энэ бол яг ард түмэнд нь очдог зээл. Хамгийн өндөртөө 8 сая төгрөгийн зээл авч болдог. Тэгэхээр ардын хүүхдүүд нь алалцаад 8 сая төгрөгийн зээл л авдаг юм. Гэтэл албан тушаалтны хүүхдүүд 250 мянган ам.доллар хүртэл зээл авч болж байна. Тэгчхээд ямар ч хариуцлага байхгүй, эргэн төлөлт ч байхгүй. Гэтэл ардын хүүхдүүд хар жагсаалтад орж байна. Дипломыг нь хураана гэж дарамталж, эргэн төлөлт хийлгэдэг. Шударга бусын чинь хамгийн сонгодог жишээ энэ байхгүй юу.

Бидний жишээ авдаг Япон, Солонгос, Герман, Сингапур байна. Тэд бүгд адил хөгжлийн жимээр явсан. Нэг давтагддаг зүйл байдаг нь, хамгийн шилдэг залуусаа хамгийн хөгжил өндөртэй орны сургууль руу явуулсан нь. Тэд эх орондоо буцаж очоод өнөөгийн Японыг, Солонгосыг, Сингапурыг хөл дээр нь босгосон байхгүй юу. БЗС-ийн гол зорилго нь энэ л дээ. Тиймээс дээр ярьсанчлан бид улам сайжруулж,  ил тод болгох ёстой. БЗС энэ мэтээр буруу ажиллаад байх юм бол боловсролын тэгш боломж байхгүй болно. Нэг ёсондоо дарга нарын хүүхдүүд улам л өндөр цалинтай, улам л том албан тушаалд очно. Тэгэхээр үүнийг ерөөсөө байлгаж болохгүй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
202.9.46.166

Bolowsroltoi hvn iimel baidag . Mongol ulsiin baylag mashi ih bayrllaa

Tegshijargal
2 долоо хоногийн өмнө
202.9.46.166

Mongol ulsiin jinhen baylag ene hvn bna daa bayrllaa tand

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.