СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Засгийн газрын хуралдаанд “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулжээ.

Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх, малчид хөдөлмөрөө хорших, хоршоог хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэхэд нь төрөөс зохистой бодлогоор дэмжих явдал гэж үзэж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн төслийг боловсруулсан гэлээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайжирч, мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжино. Малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна. Мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавх дээшилнэ. Байгальд ээлтэй, инновац шингэсэн, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл хөгжинө гэж үзэж байна.

"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгажээ

"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулжээ.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.