Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр ял эдэлсэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго:
-Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хилс хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх асуудлаар олон улсын байгууллагатай хамтарч ажиллах шийдвэр гаргалаа. Энэ ажлын хэсгийг миний бие ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго ахлахаар томилогдсон. Тус ажлын хэсэг нь ХЭҮК, ЦЕГ, ТЕГ, ШЕЗ-өөс бүрдэнэ.
Хохирогчид ч мөн гомдол саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Нөхөн төлбөр авахтай холбоотой ажлууд одоогоор удаашралтай байна.
Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар заагдсан эрхээ эдлэх эрхтэй. Тэдний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөж, эрүү шүүлт тулгагдсан. Хүнлэг бус хэрцгий харьцаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэсэн үндсэн эрх нь зөрчигдсөн. Тиймээс олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.
Засгийн газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай биечилсэн уулзалт хийнэ. Цаашид ч мөн энэ төрлийн байдлаар иргэд хохирохгүй байх тал дээр анхаарна.
Мөрдөн шалгах ажиллагааны мэдээлэл, хэрэг бүртгэлтэй холбоотой мэдээллийг Засгийн газраас өгөх боломжгүй. Тэднийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон учраас тэднийг сэжигтэн гэж үзэхгүй байгаа. Өнөөдөр бол тэднийг зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.