УОК-оос ойрын өдрүүдийн цаг агаар, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг уурын төлвийг мэдээллээ.
Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг:
-Ойрын өдрүүдэд цаг агаар нэлээд дулаарлаа. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус дулаан, цастай газраар +3 болон -2 градус хүйтэн өнжсөн байна. Ирэх тав хоногт буюу маргааш уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Энэ сарын 12-наас баруун аймгуудын нутгаар цаг агаар муудна.
Өнгөрсөн шөнө Монгол Алтай, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -1...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5..+11 градус дулаан хоножээ.
Тав хоногийн цаг агаарын мэдээ:
Дөрөвдүгээр сарын 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Тодруулбал дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ. Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Завхан, Архангай, Булган, дөрөвдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болохыг онцгойлон анхааруулж байна.
Салхины хувьд, алтайн уулархаг нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, шороон шуурга шуурна.
Агаарын температур Энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар дулаарна. 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар өнөө, маргаашийн энэ температураас 10-15 градусаар хүйтрэх төлөвтэй байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.