Монгол залуусыг Герман улсын Тюринген мужид мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд залуус үнэ төлбөргүй зуучлалын үйлчилгээ авахаас гадна Герман улсад цалинтай, тэтгэлэгтэй суралцах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй залуу Герман улсын Тюринген мужид мэргэжил боловсролын сургалтад амжилттай хамрагджээ. Төсөлд хамрагдах гол шалгуур 18-26 настай, Герман хэлний B2-оос доошгүй түвшний мэдлэгтэй байх ёстой юм.
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуусыг бүртгэх элсэлт жил бүрийн тавдугаар сард эхэлдэг. Элсэлт эхлэхээс өмнө Тюринген мужийн Боловсролын газар болон Худалдаа аж үйлдвэрийн танхимаас нь албаны хүмүүс ирж, Монгол оюутан залуустай уулзаж, сургалтын талаар мэдээлэл олгох үйл ажиллагаа зохион байгуулдаг юм. Өнөөдөр уг арга хэмжээ зохион байгуулагдаж, холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
"Цэсэн" боловсролыг дэмжих сангийн тэргүүн, НИХТ Д.Энхтуяа:
-ХБНГУ-д залуус хосолсон нарийн мэргэжил эзэмших хөтөлбөрт хамрагдана. Сурахаас гадна сурч байгаа мэргэжлээрээ давхар цалинтай ажиллах боломжтой гэсэн үг. Герман улсад мэргэжил эзэмших нь Дэлхийн мэргэжилтэй болно гэсэн үг. Бид “Цэсэн боловсролыг дэмжих сан”-гаар дамжуулан залуусыг үнэ төлбөргүй зуучилж, мэдээллээр хангаж, хэлний сургалт олгодог. Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгссөн, 18 настай залуус хэлний түргэвчилсэн сургалтад жилийн турш хамрагдаж, Герман хэлний B2 түвшний шалгалт өгнө. Ингээд шалгалтдаа тэнцсэнээр ХБНГУ-д үнэ төлбөргүй, суралцах боломж бүрдэнэ.
Герман улсын Тюринген мужийн ХАҮТ-ын Ерөнхийлөгч Дитер Баухаус:
-Монгол залуусыг Герман улсын Тюринген мужид мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Бид нийт 350 нарийн мэргэжлийн боловсрол олгож байна. Монгол Улсад 100 нарийн мэргэжлийн хөтөлбөр санал болгодог. Төслийн хэрэгжилт маш сайн байгаа. Залуус өөрсдийн хүссэн мэргэжлээр суралцах нь бидний зорилго. Монгол хүүхдүүд маш хичээнгүй суралцдаг. Өөрсдийн ирээдүйд хэрэгтэй мэргэжил гэдгийг ойлгож суралцдагт нь сэтгэл хангалуун байдаг. 18-тай залуусыг Герман улсад очсон цагаас асран халамжлах, асуудал гарвал зохицуулах ажилчид байдгаараа онцлогтой. Нарийн мэргэжил эзэмшээд төгссөн залуус Герман улсад тодорхой хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулаад, буцаад эх орондоо ирж ажиллах нь нэн чухал асуудал гэлээ.
Дээрх хөтөлбөрийг сонирхож байгаа залуус “Цэсэн боловсролыг дэмжих сан” цахим хуудас руу хандан холбогдох боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байна уу. ЭЕШ өгөөгүй хүн болох уу