Хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Энэ хүрээнд хог тээвэр болон зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд нийтийн эзэмшлийн гудамж зам, орчны 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж болон барилгын хана, фасадыг угаах юм.
Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг уг арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран СӨХ-дыг үүрэгжүүлж, иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой.
Хаврын их цэвэрлэгээний хүрээнд
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
\
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор гуравдугаар сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж буй. Энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 6337.5 тонн махыг нөөцөлсөн. Одоогийн байдлаар 204.9 тонн буюу 3.2 хувийг худалдан борлуулсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар илүү борлуулалттай байгаа юм. Үнийн хувьд зах, худалдааны худалдааны төвүүдийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30.6-35.8 хувиар хямд байна. Мөн нөөцийн үлдэгдэлд үндэслэн энэ сарын сүүлээр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж буйг УБЗАА-наас мэдээллээ.
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг өнөөдрөөс засварлаж эхэлнэ
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 13 байршил дахь засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээг байгуулж, ажил нь эхлэхэд бэлэн боллоо. Тухайлбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-наас Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто зам, дөрөвдүгээр сарын 7-ноос Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх авто замын засвар шинэчлэлийг эхлүүлэх юм.
Засварын хүрээнд авто замын хучилтын хийцийг хүчитгэн, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, шаардлагатай тохиолдолд хашлага болон явган замд засвар үйлчилгээ хийн, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээнэ. Мөн авто замын урсгал засварын хүрээнд эвдрэл ихтэй авто замуудын нүхэн эвдрэлийг зөв хэлбэрт оруулан хөрөөдөж, түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальт бетоноор засварлаж байна. Авто замыг засахдаа амралтын өдрүүдээр хучилт хийж, шөнийн цагаар инженерийн шугам сүлжээ зэрэг бусад ажлыг гүйцэтгэх юм. Мөн замын хөдөлгөөнийг хааж, хучилт хийхдээ 48-72 цагийн өмнө иргэдэд мэдээлэл хүргэнэ.
УБ Сонгдо эмнэлгээс МУБИС хүртэлх магистрал шугамыг хонгилын системд оруулна
Жил бүрийн тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд Улаанбаатар хлтын төвлөрсөн дулаан хангамжийн засварыг хийдэг. Энэ онд хийх засварын ажлын хуваарийг авто зам болон бусад инженерийн байгууламжийн ажлуудтай уялдуулан энэ долоо хоногт урьдчилсан байдлаар гаргах юм. Энэ хүрээнд улс, нийслэлийн төсөв хөрөнгө, төсөл хөтөлбөрөөр 25 байршилд нийт 15 км шугам сүлжээг шинэчилж, өргөтгөхөөр төлөвлөсөн байна. Тухайлбал, УБ Сонгдо эмнэлгийн ар талаас МУБИС хүртэлх магистрал шугамыг хонгилын системд оруулах аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.