Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гээд маш чухал хууль. Энэ хуулийг хэлэлцэхдээ малчидтайгаа энэ асуудлыг ярилцах ёстой байсан. Гэтэл тэгсэнгүй. Агаарын юм яриад байх юм. Тус хуулийг дагалдаад олон хуулийг өөрчилж оруулж ирсэн байна.
Малчдыг малын тооны араас хөөцөлдөж байна гээд яриад байна. Малчид тооны араас хөөцөлдөж байгаа бус, төр хөөцөлдүүлээд байгаа. Махыг нөөцийн мах гэдэг нэрээр үнэгүйдүүлж байна. Арьс шир нь боодол бохины үнэд хүрэхгүй байна. Малчид 500 малтай амьдрах боломжгүйд хүрэхээрээ 1000 малтай болж байна.
Хоёрдугаарт, энэ хуульд мал бүхий иргэдийн асуудлыг оруулж өгөөгүй байна. Хөдөө суманд амьдарч байгаа төрийн захиргааны, төрийн үйлчилгээний, тэтгэврийн хүмүүс бүгд ах дүү хамаатан садандаа хэд гурван мал тавьдаг. Тэгээд өвөл идэш, борц болгодог тулдаа амьдрал болж байгаа. Тэрнээс цалин тэтгэврийг дусаах төдий нэмэгдүүлж байгаа.
Мах, сүү, ноос ноолуурыг борлуулах логистикийн асуудлыг огт ярихгүй байж, холбоо байгуулаад л энэ асуудал цэгцэрнэ гэдэг нь буруу. Бэлчээр, газрын асуудлыг судалгаагүй оруулж ирсэнд шүүмжлэлтэй хандаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.