Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр Монгол Улсын стратегийн ордын үнэлгээ болон Салхитын мөнгөний ордны талаар яригдав.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-аар 16 ордыг стратегийн орд гэж баталсан. Үүнээс 7 орд нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байгаа бол 9 нь хувийн хэвшилд байна. Тухайн ордууд Засгийн газар, УИХ-тай гэрээ байгуулж хамтарч ажилласан. Жишээ нь, Нарийн сухайтын нүүрсний орд дээр 10 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Хугацаа нь дууссан. Цагаан суваргын ордыг 2014 онд төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзэн УИХ-аар шийдвэр гаргуулсан. Энэ шийдвэрээ ҮХЦ-ээр оруулж шийдвэрлүүлэх алхам хийгдсэн.
Төмөртэйн ордыг 15 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Хүний хувийн өмчийн хүчээр хураан авна гэхээс илүүтэй Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ажиллана. Тогтвортой байдлын гэрээний хугацаа нь дууссан бол төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, баялгийн санд үр өгөөжөө өгөх боломжийг бүрдүүлнэ.
АМНАТ, Төрийн өмчит уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгаас эдгээр сангийн орлого бүрдэнэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Асгатын мөнгөний ордыг ч улсад шилжүүлж авсан, Салхитын мөнгөний ордыг ч улсад шилжүүлж авсан. Хувийн өмчийг шууд авчихсан асуудал биш. Баялгийн хулгай гурван хэлбэрээр явагдаж байна. Салхитын мөнгөний орд дээр хэлэхэд, төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг хууль бусаар лицензийг нь авч, цааш дамлан худалдаж, Кримналистикийн төвийнхөнд авлига өгч, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Хууль хяналтын байгууллагад мөн авлига өгч, засч залруулсан. АМНАТ -ыг маш бага хэмжээгээр төлдөг. Геологийн төв лаборатори зэрэг газарт мөнгөний орцыг багаар үнэлүүлдэг, байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 5-6 заалтыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хуулийн хүрээнд авагдсан арга хэмжээ юм.
Хууль хяналтын байгууллагынханд удаа дараагийн авлига өгсөн нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар нотлогдож 1 сая гаруй ам.доллар хураагдсан. Ордыг зөв ашиглах асуудал дээр энэ жишээг авч, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь чухал шүү гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.