УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны мягмар гарагийн хуралдаанаар элэгний D вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний тухай хэлэлцжээ.
Монгол Улсад гепатит вирусийн тархалт өндөр, халдвартай иргэд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөх, нас барах тохиолдлоор дэлхийд дээгүүрт орж байгаа. Элэгний B, D вирусийн хавсарсан халдвартай өвчтөний 80% хүндэрч байна.
B вирусийн халдвартай хүмүүсийн 5% нь гепатитын D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) үздэг. Олон улсад хийгддэг нэгдсэн мета-анализын аргаар тооцож үзэхэд манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66,000 хүн байх тооцоо гарсныг ЭМ-ийн сайд хэлэв.
ДЭМБ-аас гепатитын D вирусийн халдварыг эмчлэхэд пэг-интерферон хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд эмчилгээ 48 долоон хоног үргэлжилдэг, дэлхий дахинд булевиртидийг ирээдүйтэй эм хэмээн үзэх болжээ.
ОХУ-д Мирклудекс Б (Myrcludex B), АНУ-д Хэпклудекс (Hepcludex) булевиртид эмийг Европын Холбооны зарим улс болон ОХУ эмчилгээнд нэвтрүүлж байгаа бол АНУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй аж.
Харин манай улс энэ оны нэгдүгээр сард эмчилгээний зааварт өөрчлөлт оруулж, пэг-интерфероны, булевиртидийн, булевиртид ба пэг-интерферон хавсарсан гэсэн гурван төрлийн эмчилгээний горимыг тусгажээ.
Булевиртидыг анх ОХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд патентаа АНУ-ын Gilead Science компанид худалдахдаа зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг авч үлдсэн. Элэгний вирусийн халдвартай монгол иргэд ОХУ-ын Буриад улсад очиж эмчлүүлэх тохиолдол цөөнгүй байгаа тухай Эрүүл мэндийн сайд мэдээлэв.
ЭМЯ-наас ОХУ болон АНУ-тай булевиртид эмийг нийлүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд аль аль тал нь хямдралтай үнээр нийлүүлэхээ мэдэгджээ.
ОХУ-ын Буриад улсад монгол иргэдийг эмчилгээнд хамруулах талаар ХӨСҮТ болон Улаан-Үдийн СПИД төв хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтэд 2023 онд 13.5 тэрбум төгрөг тусгасны 9.7 тэрбум төгрөгөөр пэг-интерферон худалдан авах эрхийг ХӨСҮТ-д шилжүүлж, тендер зарлажээ. Тендерт “Илдэнгүн хошуу” ХХК шалгарч, 7.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан боловч “Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ)-аас уг тендер шалгаруулалтад хяналт, шалгалт хийлгэхээр УИХ-ын гишүүнд болон хууль хяналтын байгууллагад хандсан тул уг худалдан авалтыг зогсоосон байна.
Хэрвээ зогсоогоогүй бол гепатитын D вирусийн халдвартай 800 гаруй иргэнийг тарилгад хамруулах боломжтой байсныг Эрүүл мэндийн сайд хэлэв. Тус тендерийн үнэ болох 7.7 тэрбум төгрөг хэрэглэгдээгүй, ХӨСҮТ-д байгаа бөгөөд улсын төсөвт энэ зориулалтаар долоон тэрбум төгрөг тусгагджээ. Нийт 14 тэрбум гаруй төгрөгийн эм худалдан авахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, эмчлүүлэгчдийн өртөг, зардлыг өсгөхгүй байх шаардлагатай тул энэ асуудлыг ойрын хугацаанд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх тул дэмжиж өгөхийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдээс хүссэн юм.
НҮТББ-ын хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаагаа ЭМ-ийн сайд илэрхийлээд, тендерийн асуудлыг шалгаж дууссаны дараа тэдгээр хүмүүсийн заримыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэв.
“Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ-аас ОХУ-ын Буриад улсад эмчилгээ эхлүүлсэн 60 хүнийг төрөөс зардлыг хариуцах, үнэ төлбөргүй эмчилгээнд эхний ээлжид хамруулах, булевиртидийг АНУ-аас бус ОХУ-аас авах шаардлагыг тавьж байгаа, үнийн хувьд АНУ-аас авах нь эмчлүүлэгчдийн сар тутмын зардалд хэмнэлттэйг Эрүүл мэндийн сайд дурдав.
Ковид19 цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үүсэж бий болсон нөхцөл байдлыг ил тод мэдээлж, холбогдох талуудаар тайлбарлуулж, нээлттэй ажиллах хэрэгтэй.
Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав.
Ингэснээр “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний төлөвлөгөө (2022-2025)-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээг авах, гепатитын В вирусийн эсрэг дархлал тогтцыг судлан, нэмэлт дархлаажуулалтад хамруулах асуудлыг судалж, шийдвэрлэх, гепатитын В, D, С вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын хяналтыг сайжруулах, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, В, D вирустэй иргэдийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулах талаар судлах, боломжит арга хэмжээг авч шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгож байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.