Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх иргэн Т.Бат-Эрдэнэд холбогдох, үндэсний эв нэгдлийг бусниулсан, худал мэдээлэл тараасан гэх хэргийг хэлэлцэхээр товлосон боловч прокурорын хурал давхацсан учраас хойшлуулжээ.
Тэрбээр 2023 оны наймдугаар сарын 30-нд олон нийтийн сүлжээнд “Chagii Chagnaa” гэх хаягаар “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нууц тушаал гаргаж Өмнөговийн Овоотын хилийн отрядыг үндсэн байрлалаасаа 45 км ухрахыг үүрэгдсэн. Монгол, Хятад хоёр улсын хилийн гэрээний зохицуулалтаар 15 км хавтгай дөрвөлжин газрыг БНХАУ-д шилжүүлэхээр болсон. Цаана нь Хятадын хилийн цэргийн түргэн байрлах рот болон Хятадын төрийн өмчит, ашигт малтмал олборлох компани үйл ажиллагаа явуулах болсон тул Ерөнхийлөгч ийм тушаал гаргасан” гэсэн утгатай худал мэдээлэл цацсан юм.
Мөн “Казах иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж засаг төрийг эргүүлцгээе. Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилалт хийж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой” гэсэн мэдээлэл бас тараасан аж.
Эдгээр мэдээллийн дагуу тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.9-1 дэх хэсгийн “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан”, мөн хуулийн 13.14-1-ийн “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар тооцоод буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.