“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа иргэд, малчдыг дайрч, эрүүл мэнд, аминд нь заналхийлсэн үйлдэл өнгөрсөн оны зургаадугаар сард өдүүлснийг уншигчид мартаагүй.
Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирснийг орон нутгийнхан нь эсэргүүцэхэд Л.Чинбат тэднээс нэг бус хүнийг машинаараа хөөж дайрахыг завдсан билээ.
Эл үйлдэлд нь Л.Чинбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргаж бусдыг гүтгэсэн хэмээн тус хуулийн 13.14-т зааснаар, нийтийн хэв журмыг зoрчиж бусдад хүч хэрэглэн, гэмтээж, хүний халдашгүй, чoлooтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шалгаж байв.
Түүнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган прокурор, шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар өдийг хүрсэн. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Л.Чинбатад Эрүүгийн хуулийн 13.14-1 дэх хэсгийн “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Бидний авсан мэдээллээр охин, Соёлын сайд Ч.Номингийнх нь нэр дээр бүртгэлтэй, “Ланд круйзер-200” загварын, 1559 УБЦ улсын дугаартай автомашинаа зэвсгийн чанартай ашиглан хүний амийг хөнөөхийг завдсан түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон аж. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Л.Чинбатын автомашинаар иргэд, малчдыг хөөж, дайрах гэсэн үйлдэл нь хүний амийг санаатай бүрэлгэхийг завдсан хэргийн субъектив санаа зорилго агуулаагүй гэж хэрэгт хяналт тавьсан прокурор нь дүгнэсэн бололтой.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний нэг нь энэ юм. Мoн олны анхаарал татсан нэг бус хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бауыржан, А.Гылымхан тэргүүтэй 14 хүнд холбогдох газар орны нэр өөрчилсөн, Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж 2023 оны наймдугаар сарын 11-нд автомашинаар хүн дайрч хөнөөсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.