Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос гадна цаг агаар орчим дулаарч буй тул цас мөс эрчимтэй хайлж, уулнаас ус буун, хальж, авто замд их хэмжээний ус тогтон иргэд болон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хариу арга хэмжээг шуурхай аван ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/-аас нийт дөрвөн байршилд 29 албан хаагч 11 машин техник, хоёр помптойгоор замд тогтсон усыг соруулан ажиллаж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан:
-Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас нийслэлийн хэд хэдэн байршилд уулын шар ус бууж, зарим зам талбайд халин орсон. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо буюу Дарь-эх орчимд нөхцөл байдал хүндэрч, их хэмжээний ус тогтоод байна. Энэ хэсгийн авто зам ус зайлуулах системтэй боловч өвлийн улиралд халиа тошин үүссэнтэй холбоотойгоор гаргалгаа хэсэг нь хөлдөж, бөглөрөн ус зайлуулах боломжгүй байгаа тул соруулж, зөөх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Үерийн шороотой ус урсаж, ус зайлуулах шугамыг бөглөх эрсдэл бас үүсдэг. Нийт дөрвөн бригад арав гаруй дуудлага мэдээллийн дагуу ажиллаж байна. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 400 гаруй тонн ус соруулаад байна. Цагт 400-500 шоо метр ус соруулах чадвартай помпууд ажиллаж байгаа. Цаг агаар дулаан байгаа учраас уулнаас нэмж ус орж ирэн мөн булаг хальж байгаа тул нөхцөл байдал амар шийдэгдэхгүй байна. Суурьшлын бүс байгаа учраас суваг татах боломжгүй, нэн түрүүнд ус соруулах шаардлагатай.
Шар ус маш холоос урсан, орж ирж байна. Урсаж орж ирэх замд маш их суурьшил үүссэн буюу ус урсах голдирлыг өөрчлөн, зөвшөөрөлгүй хашаа, хана барьчихсан байгаа юм. Мөн иргэд эд хөрөнгө, амь насаа хамгаалахын тулд суваг шуудуу татаж, шороон далан босгох зэрэг арга хэмжээ авч, үерийн эрсдэлтэй бүс, далан дагуу суурьшихгүй байх хэрэгтэй байна.
Цаашид Улаанбаатар хотын 37 байршилд ус зайлуулах шугам, системийг үе шаттайгаар хийхээр ажиллаж байна. Усны барилга байгууламжийн ажил нь төвөгшил өндөртэй учраас мэргэжлийн байгууллагаар зураг төсөл хийлгэж, барилгын ажлыг стандартын дагуу гүйцэтгэн, насос станц, худаг, ус хуримтлуулах томоохон сангуудыг байгуулах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд ГУББГ-аас ус их тогтдог 43 байршилд ус зайлуулах асуудлыг шийдсэн хэмээлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын нийт 163 км далан суваг, борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ бий. Эдгээрт хуримтлагдсан лаг хагшаасыг жилд 3-4 удаа цэвэрлэдэг бөгөөд ус зайлуулах шугам сүлжээ нь далд байрладаг учраас бүрэн дулаарч, хайлсны дараагаар цэвэрлэдэг байна. Иймд дөрөвдүгээр сарын 20-ноос ил шугам сүлжээ, лоткиг цэвэрлэж эхлэн, түүний дараагаар далд системийг цэвэрлэх юм. Борооны ус зайлуулах системээс 4000 орчим шоо метр, томоохон далан сувгуудаас 21-25 мянган шоо метр лаг хагшаасыг жил бүр тогтмол цэвэрлэж, зайлуулдаг аж.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.