УИХ-ын чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын засаглалыг сайжруулах чиглэлд ямар заалт орсныг тодруулав.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-Үнэт цаасны зах зээлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг санал дүгнэлтийг сонслоо. Үүнээс асуух асуулт байна.
Хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 гаруй компани байна гэсэн мэдээлэл байна. Хувьцаат компаниудын ил тод байдал хангалтгүй гэсэн шүүмжлэл их байдаг. Иймд энэ хуульд компанийн засаглалыг сайжруулах, эрхзүйн орчинг бүрдүүлэх талаар тодорхой ямар зохицуулалтыг тусгаж өгсөн бэ? Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарах шаардлагатай. Иргэд, жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл авах эрхийн талаар яаж тусгасан бэ?
СЗХ-ны дарга Д.Баярсайхан:
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тэр дундаа олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах нь чухал асуудал юм. Манай хөрөнгийн бирж дээр 174 хувьцаат компани бүртгэлтэй байгаа. Ялангуяа энэ хууль дээр номиналь дансны зохицуулалтыг хялбаршуулсан байдалтай оруулж өгч байгаа. Энэ хэрээрээ иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нээлттэй болгож өгсөн. Түүнчлэн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой нэлээдгүй өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн. Харилцагчид хурдан шуурхай данс нээж өгөх, хурдан шуурхай арилжаанд орох шат дамжлагыг багасгах гэх мэт нэлээдгүй өөрчлөлтүүд орсон.
Дансны доод үлдэгдэл байршуулах, данс хөтлөлтийн шимтгэл зэргийг шаардахгүй байхаар зохицуулсан. Мэдээллийг ил тод нээлттэй байдлаар хүргэх чиглэлийг хүргүүлсэн. Том үнийн дүнтэй хэлцэл, компанийн удирдлагатай холбоотой мэдээллийг тухай бүрд нь давтамжтайгаар олон нийтэд хүргэдэг байх гэх зохицуулалтыг хийсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.