Хэнтий аймгийн Засаг даргын газар нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран малын сэг зэм устгалын ажилд аймгийн ажилгүй иргэдийг хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулал олгохоор боллоо.
Энэхүү ажилд аймгийн хэмжээнд 260 иргэнийг 10 хоног ажиллуулахад нийт 93,6 сая төгрөгийн урамшуулал олгоно. Хэнтий аймгийн хэмжээнд мал, амьтны сэг, зэм устгал, орчны халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлээд байгаа бөгөөд ажиллах боломжтой 817 хүн, 364 тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангажээ. Ихэнх сумдын хэмжээнд цас их байгаатай холбогдуулан сэг, зэм устгалын ажлыг эхлүүлэх боломжгүй байна. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар таван суманд 32 ажлын хэсэг 88 хүн, 44 тээврийн хэрэгсэлтэйгээр сэг, зэм устгалын ажлыг эхлүүлж, нийт 20 мянга гаруй малын сэг, зэмийг цуглуулж, устгаад байгаа юм.
Мөн аймаг, сумын эрсдлийн сангаас 185.7 сая төгрөг зарцуулахаар төсөвлөн сэг зэм устгалын ажлыг тавдугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгахаар сум бүр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Хэнтий аймгийн ЗДТГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.