УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс усан цахилгаан станцуудын ажлын явц, хэрэгжилтийн талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын Монгол болон Хятадын талын ажил дууссан. Тендерийн гүйцэтгэгч компани шалгарсан, зураг төслүүд нь дууссан. Тоног төхөөрөмжүүдээ эхнээс нь захиалаад эхэлсэн байна лээ. Тавдугаар сарын эхээр ажил нь эхэлчих болов уу гэж бодож байна. 2028 оны зун ашиглалтад орох болов уу гэсэн хүлээлттэй байгаа. БНХАУ-ын "Экзим" банкнаас 270 орчим сая долларын зээл авч байгаа.
-Харин Эгийн голын УЦС-ын тухайд?
-Энэ станцын асуудал бусад УЦС-ын ажлуудтай харьцуулахад хойно яваа. ОХУ-ын тал ЮНЭСКО-д гомдол гаргасан шүү дээ. Энэ дагуу БНФУ-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг компаниар судалгаа хийлгэсэн. Судалгааны дүнгээ ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн. Гэтэл ОХУ-ын Эрчим хүчний яам "Найрамдалт бус харилцаатай орны судалгааны дүнг үндэслэмээргүй байна. Хоёр орны Байгаль орчны яам, Эрчим хүчний яам гээд нийт дөрвөн яамны дунд ажлын хэсэг байгуулж Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийг судалъя" гэж байгаа.
-УИХ-ын дарга саяхан Унгар улсад албан айлчлал хийсэн. Энэ үеэр Байдрагийн голын УЦС-ын асуудлыг ярьсан. Энэ талаар?
-ТЭЗҮ нь батлагдсан. 52 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа. Их хурлын дарга, Сангийн сайд хоёр сая Унгар улсад айлчлахад тус улсын тал "Санхүүжүүлэх боломжтой" гэсэн шийдвэр гаргаад байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.