Амьтны эрхийг хамгаалах “Пета” байгууллагын уриалгаар дэлхийд алдартай Францын загварын ордон “Chanel” үслэг эдлэл болон ховор амьтдын арьсыг хэрэглэхээс татгалзана гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Нэг дор бүх загварын цуглуулгаа шинэчлэх боломжгүй тул хэсэгчлэн хоригийг хэрэгжүүлнэ гэлээ.
“Chanel”-ын хувцас, чимэг зүүлтэнд амьтны үс ба матар, могой, гүрвэлийн арьс хэрэглэхээ болих юм. Ингэснээр хувцас загварын ертөнцөд шинэ урсгал давлагааг бий болгох боломж гэж загварын ордны зүгээс харжээ.
Амьтдын эрхийг хамгаалах “Пета” байгууллагын тэмцэгчид Францын загварын ордны мэдэгдэлд талархан хүлээж авч байгаагаа илэрхийлсэн байна. Эдгээр тэмцэгчид ан амьтад хүнийг гоёх хувцасны төлөө амиа алдаж, зовох ёсгүй гэж үзсээр ирсэн. Тэд “Louis Vuitton”-ыг ч мөн үеэ өнгөрөөсөн загварын хэв маяг болох ан амьтны арьс, үслэг эдлэлээс татгалзахыг уриалаад байгаа юм.
Өнгөрсөн жил “Gucci”, “Giorgio Armani” зэрэг нэр хүндтэй загварын орднууд ангийн арьс, үсэн эдлэлээс татгалзаж байгаагаа илэрхийлжээ. Мөн “Vivienne Westwood”, “Calvin Klein”, “Ralph Lauren” нар ангийн үснээс хэдий нь татгалзсан.
Орчин үеийн шинэ загварын чиг хандлага ангийн үс, арьсан эдлэл бус хиймэл үс, хиймэл арьсан хувцас хэрэглэлийг илүүд үзэх болжээ.
Эх сурвалж: www.qz.com