“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хамгаалах хэрэгсэл хариуцсан инженер Т.Эрдэнэмөнхөд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлээд байна.
Прокурорын байгууллага энэ сарын 18-22-ны хооронд эрүүгийн 226 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын найман хэрэг багтсан аж. Түүний нэг нь дээрх үйлдвэрийн албан тушаалтантай холбоотой байв. Т.Эрдэнэмөнх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан нурууны хамгаалах бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм.
Үүнээс гадна Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас иргэн М.А-д Эрүүгийн хуулийн 18.12-1 дэх хэсгийн хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Тэрбээр сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг нас барсан хүүхдийнхээ нэрээр хууль бусаар авсан гэх хэрэгт холбогдсон аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.