СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа хэд хэдэн томоохон үйл явдал болов. Хойд хөрш ОХУ-д баасан гарагийн орой халдлага болж олон гэмгүй хүмүүс амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хиймэл оюун ухааны талаарх анхны тогтоолыг гаргав. АНУ-ын Конгресс энэ оны төсвөө хуулийн хугацаанд багтаан амжиж баталсан бол Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уиллиамын гэргий Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгааг Кенсингтоны ордноос албан ёсоор мэдээллээ.

Үйл явдлын хураангуйг хүргэе. 

Москвагийн террорист халдлагын сэжигтнүүдийг баривчиллаа

ОХУ орон даяар нэг өдрийн гашуудал зарлаад байна. Өнгөрсөн баасан гарагт Москва хотын "Crocus City Hall" цогцолборын концертын танхимд “Пикник” хамтлагийн тоглолт болохын өмнө хэд хэдэн этгээд автомат буугаар галлаж, халдлага үйлдсэн юм. Үүний улмаас 130 гаруй хүн амиа алдаж, 140 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандан үг хэлэхдээ амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлэхээ мэдэгдэв. Тэрбээр "Харгис хэргийг зохион байгуулсан бүх хүнийг илрүүлж, шийтгэх болно" гэв. Одоогоор халдлага үйлдсэн дөрвөн хүнийг баривчлаад байгаа бөгөөд цаашид бусад хамсаатнуудыг барихаар  тусгай албаныхан ажиллаж байгаа аж. 

Тухалбал, Оросын Мөрдөн байцаах хороо терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Халдлага гарсантай холбогдуулан Москвагийн нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, Москвад олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг цуцалсан юм. Мөн Дагестан, Ненецийн автономит тойрог зэрэг хэд хэдэн бүс нутагт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасныг ТАСС агентлаг мэдээлжээ. 

Кэйт Миддлтон хорт хавдартай тэмцэж байна

Их Британийн хаан Чарльз хорт хавдар туссан хүндхэн мэдээ цацагдаад удаагүй байхад Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдартай хэмээн оношлогдсоныг Кенсингтоны ордноос зарлалаа. Хаан ширээ залгамжлах хунтайж Уиллиамын гэргий, Уэльсийн гүнж  өөрийн биеэр өвчнийхөө талаар мэдээлж, хэрхэн оношлогдож, эмчилгээ хийлгэж байгаа талаараа олон нийтэд мэдээлэв.

Тэрбээр олон нийтэд хандсан видео бичлэгтээ “Нэгдүгээр сард би хэвлийн хөндийн хүнд мэс засал хийлгэсэнийг олон нийт мэдэж байгаа. Тэр үед хорт хавдаргүй гэсэн дүгнэлт гарсан ч хагалгааны дараах шинжилгээгээр хорт хавдар илэрсэн. Эмч нар надад хими эмчилгээ хийлгэхийг зөвлөсний дагуу эхний шатны эмчилгээ хийлгэж байна” хэмээн ярьсан юм.

Мөн хорт хавдрын оношийг сонсоод цочирдсон ч халамжтай нөхөр, гэр бүл болон ойр дотныхон, олон нийтийн хүчээр эмчилгээний үеийг сэтгэл өөдрөг даван туулахыг хичээж байгаа бөгөөд өвчнийг илааршуулахад тустай бүх зүйлийг хийх болно гэсэн юм.  

Мөн хурдан эдгэрэхийг хүсч байгаа бүх хүмүүст талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаг хугацаа их шаардах тус эмчилгээнийхээ явцад хувийн орон зай хэрэгтэй байгаагаа онцолсон юм. Мөн өвчний тухай мэдээг гурван хүүхэддээ аль болох зөв үгээр, сэтгэл санаанд нь нөлөөлөхөөргүй ойлгуулах нь хамгийн хүнд байсныг ярьжээ. Өдгөө 42 настай гүнж Кэтрин өнгөрсөн нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засалд орсноосоо хойш анх удаа олон нийтэд зориулан мэдээлэл хийхдээ бага зэрэг цонхигор, ядарсан байдалтай харагдаж байлаа.

AI-ын талаарх НҮБ-ын анхны тогтоол батлагдав

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн хиймэл оюун ухаантай холбоотой анхны тогтоолыг саяхан баталлаа. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн нөлөөгөөр дэлхий дахины анхааралд орох болсон хиймэл оюун ухааны асуудлыг хөндөж өнгөрсөн жил дэлхийн хэмжээний анхны чуулган Их Британид болсон бол энэ удаад НҮБ-аас Хиймэл оюун ухааныг ашиглахдаа найдвартай, аюулгүй байдлыг хангахыг гишүүн орнууддаа уриалсан тогтоолыг баталсан нь энэ юм.

Тогтоолд "НҮБ-аас дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн бүх зорилтод хүрэхийн тулд дижитал шилжилтийг дэмжих, түүний ашиг тусыг тэгш хүртэхэд аюулгүй, найдвартай, баталгаатай хиймэл оюун ухааны системийн стандарт шаардлагатай" хэмээн онцлон тэмдэглэжээ.

Мөн “олон улсын хүний эрхийн хууль тогтоомжийн дагуу ашиглах боломжгүй хиймэл оюун ухааны системийг ашиглахаас татгалзах эсвэл ашиглахаа зогсоохыг” НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан байна.Хиймэл оюун ухаантай холбоотой асуудлыг Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэргэд байгуулсан ажлын хэсэг хэлэлцсэн байна. AI буюу хиймэл оюун ухааны тухай тогтоолыг батлуулахад АНУ, Япон зэрэг улс орнууд идэвхтэй оролцсон юм.  

АНУ-ын Засгийн газар амжиж төсвөө батлав

АНУ-ын Конгресс амралтын өдрөөр хуралдан энэ оны төсвийн хуулиа амжиж баталлаа. АНУ-ын төсвийн хуулийг өнгөрсөн баасан гарагт багтаан батлаагүй бол Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсох эрсдэлд орох байсан бөгөөд Төлөөлөгчдийн танхим гуравдугаар сарын 22-ны баасан гарагт амжиж батлав.

1.2 их наяд ам.долларын санхүүжилттэй төсвийг баталснаар ирэх есдүгээр сарыг дуустал АНУ-ын Засгийн газрын агентлагуудыг санхүүжүүлэх юм. Ерөнхийлөгч Жо Байден хуулийн төсөлд гарын үсэг зурсныхаа дараа "Америкчуудад хөрөнгө оруулах, эдийн засгийн үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх хууль" хэмээн онцлон мэдэгджээ. Мөн тэрбээр Конгресст хандан хууль тогтоох танхимд гацаад буй бусад хуулийн төслүүдийг батлахыг уриалжээ. 

Ж.Байдены гарын үсэг зурсан хуульд Украин, Тайвань, Израильд цэргийн тусламж үзүүлэх санхүүжилтийг тусгаагүй бөгөөд  хууль тогтоогчид хаврын завсарлагааны дараа дөрөвдүгээр сард хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин, Базарбямбын Нямсүрэн

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 56, 57 (7300, 7301)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.