Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт хандан олимпын эрхийн сорилд оролцох хүсэлтээ хэд хоногийн өмнө илэрхийлсэн билээ.
Тэрбээр хүсэлтдээ “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдсан. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбооны удирдах зөвлөл, ах эгч нар болон боксын нийт хамт олноосоо уучлал хүсэж байна.
Та бүхэн минь дахин нэг удаа уужуу сэтгэлээр хандаж олимпын эрхийн сорилд 63.5 кг жинд оролцохыг зөвшөөрч өгнө үү. Уг сорилд тулалдаад олимпын эрхийн тэмцээнд явахаар болбол та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахыг хичээх болно” гэсэн юм.
Тэгвэл Монголын Боксын холбоо гавьяат тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч байгаагаа өнөөдөр илэрхийллээ.
Монголын Боксын холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр “Бид асуудлыг олон талаас нь ярьж байгаад гавьяат тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, Тайланд улсад болох олимпын эрх олгох сорил тэмцээнд оролцуулах шийдвэрийг гаргаад байна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.