Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар хүргүүлэх ёстой.
Иймд маргааш Монгол Ардын нам Удирдах зөвлөлөө, Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар болжээ. МАН-ын Бага хурал маргааш 11:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт хэнийг нэр дэвшүүлэх, намын жагсаалтад ямар хүмүүсийг багтаах зэрэг шалгуур, журмыг Бага хурлаар батлахаар төлөвлөсөн байна.
МАН мөрийн хөтөлбөрөө боловсруулах хүрээнд барилга, даатгалын салбар, ажил олгогчдын төлөөллийн саналыг сонсож, мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Харин АН-ын тухайд, Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлахаас гадна сонгуульд намынхаа “гал тогоо”-г удирдах Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх эсэхийг хэлэлцэх аж. Э.Одбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр өнгөрсөн арваннэгдүгээр сард томилсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.