СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-22

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Наурызын баяр”-ын мэндчилгээ дэвшүүлэв

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр тохиож буй Казах түмний уламжлалт хаврын баяр болох “Наурызын баяр”-т зориулан мэндчилгээ дэвшүүллээ. 

МЭНДЧИЛГЭЭ

Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг ерөөж, өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг, нарыг тосох баяр – Наурызын баярын мэндийг Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Казах түмэндээ дэвшүүлье.Наурызын баяр бол улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж буй жилийнхээ өнгө төлөвийг билэгдэн тодорхойлдог, Казах түмний цагаан сар, үндэсний соёл, ёс заншлын салшгүй хэсэг юм.

Наурызын баярыг хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаасаа ч өмнө тэмдэглэж байсан түүхэн эх сурвалж байдгийг эрдэмтэн судлаачид өгүүлдэг. Тэгэхээр Наурыз бол зөвхөн Та бидний бус, нийт хүн төрөлхтний баяр юм. Тийм ч учраас 2009 онд ЮНЕСКО наурызын баярыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд болсон Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг тунхагласан билээ.

Казахууд дэлхийн 40 гаруй улс оронд тархан суурьшиж, өв соёлоо хадгалан аж төрж байна. Тэдний дотроос хэл, соёл, ёс заншлаа хамгийн сайн хадгалж,  хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаа нь Монголын казахууд гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ.

Иймд Казах түмэн маань наурызын баяраараа дамжуулан соёлын биет болоод биет бус өв, урлаг уран сайхан, хувцас, хоолны арвин соёлоо дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах нь эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хөгжил, цаашлаад бидний ондоошлын түвшинд онцгой ач холбогдолтой юм.

Өвөг дээдсийн удмыг залгаж, ухааныг өвлөсөн ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах иргэд маань эх орны тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд тэдний дундаас улс орондоо нэртэй, удам хойчдоо хүндтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, соёл урлаг, боловсролын алдартнууд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд олноор төрж гарсныг Наурызын баярын энэ өдөр бахархан дурдахад таатай байна. Казах түмэн цаашид ч эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай. Наурызыг бас “Нарны баяр” хэмээдэг. Иймд шинэ өдөр бүр алтан нар дулаан илчээрээ та бүхнийг ивээж, улс эх оронд маань шинэ сэргэлтийг авчрах болтугай.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.