Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болох байгаль хамгаалагчид, экологийн цагдаагийн алба хаагчид, төрийн бус байгууллагын ажилтан, идэвхтнүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг “Иргэний нийгэм болон байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгаагаар тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна. Уг асуудлаар ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов:
-УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Комисс нь хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдаж, 130 орчим гомдол хүлээн авч, хорооны дөрвөн дүгнэлт гаргасан.
Монгол Улс дахь хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудад дараах тогтолцооны шинжтэй хүндрэл, бэрхшээлтэй асуудал нийтлэг тулгарч байна. Тухайлбал, уул уурхай, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүний эрх хамгаалагчдын хувьд дарамт, шахалтад өртөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа, судалгаанд оролцогчдын 16.7 хувь нь маш их эрсдэлтэй, 50 хувь нь их эрсдэлтэй гэж үзжээ. Харин байгаль орчны чиглэлээр ажиллаж буй хүний эрх хамгаалагчдын 25.2 хувь нь маш их, 19.8 хувь нь их магадлалтай гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 7.9 хувь нь маш их, 14.3 хувь нь их, 37.3 хувь нь дунд зэрэг, 24.8 хувь нь бага зэрэг дарамт шахалт, заналхийлэл ирэх магадлалтай гэж үзсэн байна.
Түүнчлэн иргэний нийгмийн хүний эрх хамгаалагчийн эрхэд халдаж буй өргөн тархсан хэлбэр нь нэр төр, алдар хүндэд халдах, цахим орчинд гутаан доромжлох явдал юм. Энэ нь хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ташаа байдлаар ойлгуулахад хамгийн их нөлөөлөх хүчин зүйл болж байна. Үүнд нэг талаас төрийн зүгээс, нөгөө талаас уул уурхайн компаниуд нөлөөлөл үзүүлж байна.
Ялангуяа байгаль хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх явцад экологийн цагдаа болон байгаль хамгаалагч нар дарамт, шахалтад өртөх явдал гардаг байна. Мөн хүний эрх хамгаалагчдад тулгарч буй аюул, эрсдэлд байгаль орчны хүний эрх хамгаалагчид болон эмэгтэй хүний эрх хамгаалагчдад илүү их тохиолдож байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн жишээг татъя. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангасан үйл ажиллагаа нь хүний эрхийн хамгааалагч мөн байна. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үйл ажиллагааг явуулсан гэж үзсэн. Гэтэл хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явуулж байхад нь тухайн сэтгүүлчид хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүхэл нь үндэслэлгүйгээр зогсоосон нь хүний эрхийн зөрчил байна гэж үзсэн. Шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад хувь хүний сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа нь Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчиж байна гэж ХЭҮК үзсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.