Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболорт холбогдуулан гаргасан хоёр ч гомдлыг Шүүхийн сахилгын хороо хэлэлцэхээр товлоод байна.
Нэг нь худал мэдүүлэг өгсөн хэрэгт 2023 оны хоёрдугаар сард гурван жил хорих ял шийтгүүлсэн, өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид буй В.Өнөрзул гэх хүний гаргасан гомдлыг өчигдөр хэлэлцэхээр тов тогтоосон юм. Гэхдээ түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 104.7.1 дэх хэсгийг баримтлан уг гомдлыг хэрэгсэхгүй болгох захирамжийг хэвээр нь үлдээжээ.
Тэгвэл тус хорооны хурлаар өнөөдөр дээрх шүүгчид холбогдуулан НПГ-аас гаргасан гомдлыг үндэслэн үүсгэсэн сахилгын хэргийг хэлэлцэхээр болоод байна. Эх сурвалжуудын мэдээлснээр прокурорын байгууллагаас шүүгч Б.Батболорт холбогдуулан эрүүгийн хоёр ч хэргийг дарагдуулж, хуулийн хугацаанд харьяалах байгууллагад шилжүүлээгүй учраас хариуцлага тооцуулах гомдол гаргасан аж.
Тодруулбал, АТГ-ын мөрдөн шалгасан нийтийн албан тушаалтан, яллагдагч Г.Б нарт холбогдох хэргийг жил гаруйн хугацаанд дарагдуулсан гэж буруутгаж буй гэнэ. НПГ-аас 2020 оны аравдугаар сарын 21-нд Г.Б нарт Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн хэрэг мөн оны арваннэгдүгээр сард шүүгч Б.Батболорт хуваарилагдсан аж. Гэвч шүүх хурлыг хийхгүй долоон сар гаруйн хугацаанд хойшлуулаад байжээ. Улмаар 2021 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор хэргийг хянан хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар болсон гэнэ. Түүнээс хойш нэг жил найман сарын дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сард уг хэргийг НПГ-т хүргүүлжээ.
Мөн ЭЦА-ныхан илрүүлэн шалгасан Б.Г нарын хэргийг шүүгч Б.Батболор удаан хугацаагаар дарагдуулсан гэх гомдлыг прокурорын байгууллагаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан гэнэ. Б.Г нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 18.5-1, 18.7-1, 20.7-1, 23.2-1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн, улсын хилээр бараа хууль бусаар нэвтрүүлсэн, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан, мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны тавдугаар сард шилжүүлжээ. Уг хэрэг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболорт хуваарилагдсан бөгөөд 2020 оны долоодугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл элдэв шалтгаар шүүх хурал хойшилсоор байж.
Улмаар 2021 оны гуравдугаар сарын сүүлчээр Б.Г нарт холбогдох хэргийг түдгэлзүүлсэн гэнэ. Ийнхүү түдгэлзүүлсэн нь хууль бус байсан уу, юутай ч 2021 оны есдүгээр сараас 2022 оны дөрөвдүгээр сарын хооронд шүүх хурлыг удаа дараа товлосон аж. Ингээд эцэстээ шүүгдэгч Б.Г, Д.Б нарт холбогдох хэргээс зарим үйлдлийг нь тусгаарлаж, прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Гэвч тусгаарласан гэх хэрэг нь шүүхийн шийдвэр гарснаас хойш НПГ-т ирээгүй учраас сахилгын арга хэмжээ авахуулах гомдол гаргасан юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.