Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.
Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн “Үндэсний баялгийн сан” бий болж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжих юм.
Товч мэдээ
· Орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгав.
· Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.
· 2024 оны нэгдүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
· Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулжээ.
· Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
· Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албыг Гадаад харилцааны яамны дэргэд байгуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.